Монголчуудын эрүүл мэндийн боловсрол

Монгол хүний эрүүл мэндийн боловсрол ямар вэ? гэсэн асуулт ирвэл би бодох зүйлгүйгээр "МАШ МУУ" гэсэн үнэлгээ өгнө. Бид эрүүл мэндийн салбараа хаалганы цаана орхисон шигээ хувь хүний эрүүл мэндийг мөн хог дээр аваачаад хаячихсан. Өөрийнхөө эрүүл мэндээс илүүтэйгээр унаж яваа унаа, хэрэглэж буй гар утас гэх мэт илүү материаллаг зүйлд анхаарлаа хандуулж, олсон хэдэн бороо бүгдийг нь хүний өмнө ганган хээнцэр сайхан харагдахад зарцуулдаг нэг л сонин зарцуулалттай хүмүүс. Харин өөрийн эрүүл мэндээ эмчид даатгаж ид шидийн, ид шидийн юм эмч нараас нэхэж харь гарагийн юмнууд ярьж лам бөөгийн гараар дамжаад эцэс сүүлд нь эмчийгээ л муулаад үлддэг гайхалтай сэтгэхүйтэй хүний өмнөөс амьдарч буй хүмүүс.


Үүнийг хэрхэн өөрчлөх вэ? гэдэг шийдлийг ярьсан нь илүү оновчтой болохоос энэ мэтчилэн шүүмж бичвэл элгийн, элгийн юмнууд бүр олон болно.

  •  Хамгийн тэргүүнд Эрүүл мэндийн боловсролыг бага наснаас буюу дунд сургуулиас албан ёсны хичээлийн хөтөлбөрт даацтай оруулж, өгөөжтэй байдлаар сурагчидад заахгүй бол миний үед багш нарын ордог эрүүл мэндийн боловсролын хичээл шиг хихи хаха болж орвол шал дэмий цагийн гарз. Энэ нь ганц хичээл болж орохоос гадна бусад хичээлүүдтэй ч мөн холбогдож бодлогын чанартай хэрэгжиж орвол аль аль талдаа сайн байх. Үүнд ганц багш юм уу, эмч нарын мэдлэг бус илүү зальтай гэх юм уу тийм сонирхолтойгоор зохиогдсон хичээлийн хөтөлбөр боловсруулах хэрэг болох байх.
    Ер нь тэгээд ч би дунд сургуулид сурагчид өөрийгөө таньж мэдэн, хүн болох төлөвшилд суралцаж гарах ёстой гэсэн бодол тээдэг юм.
  • Дараагийнх нь Эрүүл мэндийн салбарын нэг алдаатай тал бол бид бүх онош, мэргэжилийн нэршлийг гадаад хэлээр ашигладагт энгийн хүмүүсийг энэ талаар мэдээлэл авахад, эрүүл мэндийн боловсрол олоход их том хана тавьж өгсөн гэж боддог. Өөрийн өвчний талаар мэдээлэл авах гэхээр заавал эмчид хандаж нөгөөдөхөө орчуулуулах хэрэгтэй болдог нь цаг хугацаа, хөдөлмөр шаардах нь олон хүнийг замаас нь буцаахад хүргэдэг байж болзошгүй. Тиймээс одоогоор эрүүл мэндийн салбарт хэрэглэж байгаа орос, англи хэлийг ирээдүйд халж монгол нэршилийг түлхүү хэрэглэх нь наанадаж л монгол хэлний баялагийг нэмэгдүүлж, хэлний дархлаагаа бий болгоно, цаанадаж л өвчтөн өөрийн өвчний талаарх мэдээллийг олоход дөхөм болсноор эрүүл мэндийн боловсрол бага ч болов нэмэгдэнэ гэж бодож байна.
  • Өвчтөнд мэдээлэл ховор байдаг байх. Тэр тусмаа монгол хэл дээр. Эмч нар л энэ талаар өөрийн мэргэжил талаас нь ном уншаад өнгөрөхөөс энгийн хүмүүст зориулсан мэдээлэл харьцангуй бага гэж боддог. Тиймээс интернэтийг ашиглаад эрүүл мэндийн талаарх мэдээлэлийг өгч цахим эрүүл мэндийн базатай болох хэрэгтэй. Би ч хувьдаа өөрийн блогоор дамжуулж өөрийн чиглэлийн мэдээллийг энгийн хүмүүст ойлгомжтой байхаар хийж байя гэсэн төлөвлөгөө гаргаад байгаа.
  • Төгсгөлд нь бид нийгмээ соён гэгээрүүлэх хэрэгтэй байна. Харь гарагийн юм ярьж тэрэндээ итгэж энд тэндэхийн хүмүүсийн амаар өөрийгөө эмчилэх гэж оролдож, үнэн худал нь мэдэгдэхгүй лам бөө бариачаар явж улам дордуулдаг нь бидний мунхагийнх юм уу гэлтэй. Гол нь тэдгээр очсон хүмүүст нь буцаж ирэх хариуцлагын асуудал яригдах хууль зүйн нөхцөл байдаггүйгээс болж хүссэн нь үнэн худал ярьж олны толгойг мунхруулсаар л...
  • Эрүүл мэндийн салбарыг төлбөртэй хэлбэрт шилжүүлэх зам руу явах хэрэгтэй. Даатгалын системийг боловсронгуй болгож өвдвөл эд мөнгө болоод цаг хугацааны асар их алдагдалд орно гэдгийг ухамсарт хүн ойлговол өвдөснийхөө дараа бус өвдөхөөсөө өмнө өөртөө тавих анхаарал улам нэмэгдэнэ. Харин нэмэгдэхийн хэрээгээр эрүүл мэндйин боловсрол нь дээшилнэ. Гиппократын хэлсэнчилэн "эмчилгээ хэзээ ч үнэгүй байж болохгүй. Тэгэх аваас эмчлүүлсэн өвчтөн эрүүл мэндээ үл тооно, эмчилсэн эмч өвчтөндөө үл анхаарна" гэдэг ишлэлийг санах хэрэгтэй.
Анх оюутан сурагч байхдаа Украин, Орос өвчтөнүүдээ өөрийн өвчний талаар мэдээлэл ямар сайн юм бэ, гэтэл Монголдоо очихоор өвчтөнүүд маань яагаад юу ч мэдэхгүй байгаад байдаг юм бол оо гэж их боддог байлаа. Гэтэл Монголд заагаад байдаг онош гээч юмыг чинь энэ нөхдүүд чинь өдөр тутмын хэрэглээний хэл шигээ л зүгээр эх хэлээрээ хэлээд явчихдаг нь өвчтөнд их ойрхон энгийн байдаг нь надад тийн бодоход хүргэсэн юм билээ. Тиймээс ирээдүйд аль болох монгол хэлээ ашиглаж байвал зөв зүйтэй алхам болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Комментариев нет

Технологии Blogger.