Ник Вуйчич "Амьдралд хязгаар үгүй" номыг уншиж дууслаа

Дөнгөж сая Ник Вуйчич-н бичин гаргасан “Амьдралд хязгаар үгүй” (Life Without Limits) номыг уншиж дуусгалаа. Энэ номыг анх захиалахдаа л түүний амьдрал, бодол сэтгэл, амьдралын утга учир нь юундаа байж өнөөдөр ийм амжилттай байгаа талаар сонирхож байсан юм. Уншиж дуусасныхаа дараа асуултуудынхаа хариултуудыг олж авлаа, бас ямар их сэтгэлийн тэнхээтэй, манайхны яриагаар бол зөв хүн юм бэ гэсэн бодол төрөвч үүнд түүний эцэг эх, хоёр дүү, гэр бүл,эргэн тойрныхныг нь дурсахгүй бол яавч болохгүй. Анх төрөхдөө л эцэг эхээ шоконд оруулж гар, хөлгүй төрсөн бяцхан жаалыг тэд хаа нэг газар асрамжийн газар өгч болох байсан ч тэгэлгүй өөрсдөө өсгөхөөр шийдсэн нь эцэг эхийн өнөөдөр манайд үгүйлэгдэж буй хариуцлагын гайхалтай үлгэрлэл юм.
Багадаа өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдэлгүй өссөн ч ухаа орж, хүрээлэн буй орчинтойгоо харьцаж эхлэх тэр цагаас эхлэн өөрийгөө бусдаас өөр, ямар нэг зүйлээр дутуу, түүгээр тоглоом тохуу хийхээс гадна аймшигт мангас мэт харж, чичилдэг байсан нь түүнийг хүнд байдалд оруулж байсан ч түүний эцэг эх нь үүнээс нь ичиж зоволгүй, харин ч улам түүнийг олон нийтийн газраар авч явах нь ихсэж байсан тухайгаа өгүүлдэг. Түүгээрээ анхны хүүгээ олны дунд байлгаж, тэднээс дутахгүй гэдгийг нь мэдрүүлж нэг ёсны амьдралын том дархлааг нь суулгаж өгч байж.
    Ник бол гайхалтай эр, тэрээр хайртай хүмүүсийнхээ тусламжтайгаар өнөөдөр өөрийн хүссэн бүхэл зүйлийг хийж чаддаг болсон. Мэдээж хэцүү зүйл байгаа л байх, гэвч тэрээр өөрийн энэ хязгаарлагдмал зүйлдээ баригдалгүй үргэлж өөд тэмүүлж байснаараа өнөөдрийн өндөрлөгт хүрч чадаж. Өөрийгөө бусдаас өөр, тахир дутуу гэдэг зовлонд баригдахаас илүүтэйгээр өөрөөс нь илүүгээр зовсон хүмүүс байдаг гэдгийг ойлгож, тэдэнд тусалах нь өөрийн зовлонг мартахад нь том эмчилгээ болдог байсан гэж хэлж болох юм. Эндээс би үүнийг нь илүү тодруулан хэлмээр байгаа юм. Өнгөрсөн жилийн туршид би гэж хүн өөрийн твиттер дээрээ үргэлж “хэрэв танд хэцүү хүнд үе тохиолдоод байгаа бол гараад жижиг ч болтугай тусыг танихгүй ч хүнд хамаагүй хүргээрэй, таны сэтгэл уужраад тайвшираад л ирнэ” гэж жиргэж байж билээ. Энэ үг минь өнөөдрийн уншсан номонд минь гарч мартагдах шахсан тэрхүү бодлыг минь сэрээж өгсөнд баяртай байна.
    Ник-н итгэл үнэмшил үнэхээр агуу байсан нь нэг талаас бахдууштай ч бурхан ч үзэлгүй буруу номтон надад бол тийм ч ойр буугаагүй ч энд өөрөөрөө дулдуйдан үнэн зүйлийг нуух нь ёс зүйгүй хэрэг болох байх. Түүнийг төрсөн цагаас эхлэн эцэг эх нь, ухаан орсон цагаасаа эхлэн өөрөө ч тэр Бурхан гэж байдаг, бурхан түүнд ямар нэгэн үнэт даалгаварыг бэлдсэн учир ийм байдалтай хорвоод мэндлүүлсэн, түүнд итгэж бурханы даалгаварыг биелүүлэх нь миний жинхэнэ мөн чанар хэмээн итгэж байсан нь хэнээс ч дутахааргүй жаргалтай амьдрахад тус дөхөм болж байж. Хэрэв та бурханд итгэдэг бол энэ талаар бодолцоорой. Миний хувьд бол бурхан гэдгээсээ илүүтэйгээр ирээдүйд итгэх итгэл, өөрийгөө чадна гэсэн бодол минь намайг хөтлөх зам юм болов уу гэсэн бодолтой байдаг юм.
    Уг номондоо үнэхээр амьдрал ямар баян, би ганцхан ийм зовлонгоор зовож буй хүн биш гэдгээ бичиж, өөрийн жишээгээр олон итгэл найдвраа алдсан хүмүүст дахин итгэлийн гэрэл асаах тохиолдлуудыг бичснээрээ хүнд илүү ойлгоход дөхөм болж байлаа. Дунд сургуулийнхаа том биетэй хүүхдүүдийн айдаг бидний хэллэгээр атаман хүүхэдтэй эр хүний ёсоор үзэлцэж дийлснээ, өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн загас барих, усанд сэлэх, усан дээр гулгах, хөгжим тоглох гэх мэт өөрийн чадварынхаа тухай, хэрхэн эр зориг гаргаж хүсэлдээ хүрсэн тухайгаа бичсэн нь хүнд илүү ойр бууж байлаа. Мөн олон орон, хотуудаар явж өөрөөрөө дамжуулан бусдад итгэл үнэмшил, цаашид амьдрах хүсэл эрмэлзэлийг төрүүлж өгдөг тухайгаа бичсэн байлаа. Итгэл гэгчийг “бид хүчил төрөгч байдаг гэдгийг мэднэ, харин түүнийг харж чаддаггүй. Би амьд байна, амьд байнаа гэдэг нь амьсгалж байна, тиймээс хүчил төрөг байна гэсэн үг” гэх мэтчилэн энгийн үгээр ухаж ойлгоход бэрх,итгэхэд хэцүү зүйлүүдийг жишээ татан бичсэн байна.
    Түүний номыг уншиж байх хугацаандаа уг номон дээр дурьдагдсан хоёр киног үзсэн ба хүсвэл та ч үзээрэй. Нэг нь түүний багадаа үзэж итгэл үнэмшилийг авч байсан “My left foot” нөгөө нь Ник-н өөрийн нь тоголсон богино хэмжээний кино “The Butterfly Circus” юм. Уг хоёр киног үзэхэд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөн нулимсаа барьж ядан үзснээ нуух юун.

   Төгсгөлд нь Хүн гэгч амьтан үргэлж мөнхийн хэн нэгний тусламжин дор амьдардаг. Ямар ч чадалтай хүн байсан түүнд их бага хэмжээний мөнхийн хэн нэгний тусламж, хайр халамж хэрэгтэй байдаг, хэн ч бай хүнд туслахыг үргэлж хичээж байх талаар ойлгож авлаа. Өнөөдөр таны амьдралд ямар нэгэн хүнд үе таарсан бол, та өөрийгөө хэнд хэрэггүй мэт санаж ямар нэгэн байдлаар өөртөө хор хүргэх тухай бодож байгаа бол түр азнаад гадаа гарч өөр нэг тусламж хэрэгтэй байгаа хүнд туслаарай, өөрийнхөө зовлонд бачимдаж ядаж буй бол өөрийнхөө зовлонгоос илүүгээр өөрийн хүний зовлонд санаа тавьж өөрийгөө бусдад ямар их хэрэгтэй хүн гэдгээ тэндээс ойлгож аваарай. Хүний төлөө амьдрах гэдэг бол өөрийн ахархан хэцүү үеийг давах хамгийн шилдэг арга байх болно. Танаас ч хэцүү байдалд амьдарч буй хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт түм бумаараа байдаг гэдгийг ойлгож аваарай.

Олон зүйлийг бичмээр байгаа ч хэтэрхий нуршчих шиг санагдлаа. Тиймээс ингээд өндөрлөе. Хэрэв танд цаг зав байвал энэ номыг нэг уншаад үзээрэй. Танд заавал таалагдана. Мөн юманд их бага хэмжээгээр арай өөр байдлаар ханддаг болно. Ямар нэг асуудлын хариулт нь таны асуудлыг аль өнцгөөс харж байна гэдэгт л оршиж байдаг юм шүү. Том болж намба суух хэрэгтэй болсон гэдэг бодлоо түрч болов хаяж өөрөөрөө, өөрийгөө хөгжилтэй байлгах тэнэг ч гэсэн зүйлийг хийж байх нь танд баяр баясал авчирах болно. Гэхдээ мэдээж өөр бусдад энэ нь хор учруулахгүй байх ёстой шүү дээ. Хэрэв та энэ талаар ярилцахыг хүсвэл сэтгэгдэл дор өөрийн санал бодлоо надтай хуваалцаарай. Би үргэлж баяртай байх болно.

Комментариев нет

Технологии Blogger.