Түрэгний жолооч

Жагаа ах.
Олон жил Дорнод аймгйин Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвд Түргэн тусламжинд ажиллаж байгаа мундаг жолооч ах нарын нэг.

Энэ удаа би зураг оруулахаасаа илүүтэйгээр яаралтай түргэн тусламжинд явдаг чухал хүмүүсийн нэгний тухай бодлоо сийрүүлэх гэж байна.
Жолооч гэхээр танд нэг их ач холбогдол өгөх хүн биш шиг санагдаж магадгүй л юм. Гэтэл яг бодит байдал, эмнэлэгийн ажил дээр ямар их хэрэгцээтэй хүмүүс байдаг тухай цухасхан дурдая. 

Эмч гэж хүн бүхний хүндлэн хайрладаг хүмүүс бий. Гэхдээ хүн бүрт адлуулдагч мэргэжил. Монгол орны хаана ч бай эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийг авах шаардлагатай олон олон тохиолдол бий. Та бидний нүдэнд хамгийн түрүүнд тэдгээр хүмүүс дээр очиж тусламж үзүүлж байгаа хүн бол мэдээж эмч харагддаг ч тэр эмч нарыг хот, орон нутаг, сум, дүүрэг, багт хаягаар нь яг л олоод очдог, маш хурдан аюулгүй хүргэж өгч, эмнэлэгт эргэн буцаан авчирдаг чухал хүн бол ТҮРГЭНИЙ МАШИНЫ ЖОЛООЧ нар юм. Тэр тусмаа манайх шиг хаягны асуудалтай газарт бол ийнхүү олж очино гэдэг гайхамшиг.

Хол замын дуудлаганд эмчтэйгээ хамт яаран сандран шөнө оройн ямар ч цагт, цаг агаарын ямар ч үед хар хурднаараа гарч явдаг хүмүүс бол мөн л эдгээр жолооч нар. Холын замд юу ч тохиолдоо билээ. Гэтэл тэд л өөрсдийн авъяас чадварынхаа хүчээр хүрэх газарт хүргэж өгдөг нь бахдалтай. Манайх шиг шороон дээр машины дугуйны хоёр мөр гарсан газрыг зам гэж нэрлэдэг замаар донсолгоон бүрийг нь зөөллөн гарч очих буцахад нь өөрөө нойр авалгүй давхиж, хажууд нь суугаа эмчээ багахан ч гэсэн нойр аваг гэж, ард нь яваа өвдсөн хүнээ донслуулж өвдүүлчихгүй юмсан гэсэн сэтгэлийн нэгээхэн дарамтанд тэд л явдаг гэдгийг тэрийн болгон хүмүүс мэдээд байдаггүй болов уу.

Шинэхэн төгсөж ирсэн өөрийнх нь хүү, охин, ач, зээ шиг годогносон залуусыг эмчээ ТА гэж дуудан үгэнд орж ажлаа хийсэн шиг хийдэг эмнэлэг гэдэг их айлын нэгэн томоохон эд эс, даруухан эдгээр хүмүүсийн ажлыг та нар минь хүндэтгэж, дохиолол асаасан асаагаагүй түргэний тэрэг явж байхад нь зам тавиад өгчихөж байгаарай. Дохиогоо асаасан бол ажилтай л явна, дохиогоо асаагаагүй бол шөнөжин ажилласан хүн маань хэсэгхэн нойроо дараагийн яаралтай дуудлага авахаасаа өмнө харьж авах гэж л яваа юм шүү. Дохиогоо асаан давхихад та бидний хэнийхэн ч ойр дотны хүн байж болно. Хэрэв танийх биш бол та азтай ч сандран хүлээх бусдынхаа дүрийг ганцхан секунд сэтгэлдээ буулгаад үзээрэй. Хэнд ч зовлон тохиолдож болно. Харин та зам л тавиад өгчих. Тэгээд л та тэр хүмүүст ямар их тус хүргэснээ өөрөө мэдэхгүй ч жолооч ах нар, эмч нар, өвдөн хүлээх тэдгээр хүмүүс сэтгэлдээ мэдэж баярлах болно. Цаг хугацаа гэж ямар чухал зүйл байдгийг багахан ч гэсэн ойлгож эхэлж байгаа миний хувьд танаас хүсэх зүйл минь л энэ.
Хамгийн сүүлд Халх гол сумруу дуудлаганд явж ирэхэд машин маань эвдэрсэн. Жагаа ах маань машинаа засаад ингээд л гүйж байлаа.


Комментариев нет

Технологии Blogger.