Эх үрсийн баярын Hummer парад
HUMMER CLUB- с жил болгон зохион байгуулдаг Олон улсын хүүхдийг
эрхийг хамгаалах өдөр буюу манайхны ярьж заншиснаар эх үрсийн баярыг тохиолдуулан Монголын Hummer
Club-н гишүүд оролцсон хүндэтгэлийн
парадыг явууллаа.
Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихтэй байдаг төв замуудаар
нийт 22 Hummer машин Хүүхэлдэйн театрын үлгэрийн баатруудтай хамт хүүхэд
багачуудаа баярлуулан, тэдэнтэйгээ үлгэрийн баатруудтай нь уулзуулж, мэндчилэх
боломжийг олгож замд таарсан хүн бүрт чин сэтгэлийн баярын мэндчилгээг илгээж
явсандаа нийт оролцогч гишүүд, зохион байгуулагч бидний баярын бас нэгэн том
баярт үйл явдал байлаа. Замд таарсан хүүхэд, эцэг эх бүхэн бидэнтэй гар даллаж,
машин дотроос инээд хөөрөөр цалгисан нүдээр бидэнтэй зөрж байлаа. Үүний
дараагаар Хүүхэлдэйн театр орж хүүхдүүддээ Хүүхэлдэйн театрын жүжигчидийн Олон
улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тавьсан “Болдоггүй бор өвгөн”
жүжгийг үзүүлээд үргэлжлүүлэн Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” цэцэрлэгт
зочилсон юм.
Биднийг очиход хорвоод мэндлээд олон шалтгаанаар эцэг эхгүй өсөх
хувь тавилантай учирсан бяцхан үрс маань, тэднийг өөрсдийн хүүхдүүдээс
өөрцгүйгээр хайрлан хүмүүжүүлж, амьдралын хатуу хүтүүг даван туулахад нь хайр,
энэрэлээрээ өсгөж, тэднийг харж ханддаг буянтай үйлсийн эзэд болох асрамжийн
газрын захирал, багш, сурган хүмүүжүүлэгч нар биднийг тосон авлаа. Энэхүү
асрамжийн газарт нийт 74 бага насны хүүхэд багачууд хүмүүжиж, эцэг эхээс авч
чадаагүй тэр их хайрыг сайхан сэтгэлт багш сурган хүмүүжүүлэгч багш нараасаа
авдаг юм билээ. Биднийг очиход хүүхэд багачууд, асран хүмүүжүүлэгч багш,
ажилчид нь бидэнд ямар их авьяаслаг болохоо үзүүлж дуулж, бүжиглэн бяцхан
тоглолтыг сонирхуулсан юм. Тасралтгүй алга ташилтын дор тэдний тоглолт болж
өнгөрлөө.
Тоглолт дуусмагц хүүхдүүдийнхээ дунд зургийн уралдаан зарлаж 6н
байрыг шалгаруулсан юм. Эндээс сонирхуулахад хүүхдийн байгалаас өгөгдсөн зүйл
байдаг гэдгийг нотлох гэсэн мэт өөрсдийн хүссэн сэдвээр зураг зурахыг санал
болгоход охидууд нь ихэвчилэн цэцэг навч, хөвгүүд нь машин зурж харагдана лээ.
Үүнээс нэгэн сонирхолтой зураг зурсан хүүхэд байсан юм. Тэрээр уйлж буй зараа
зурсан байсан бөгөөд хүн ирээд аргадаж байсан гэсэн тайлбартайгаар хажууд нь
бас хүн зурсан байсан юм. Үүний дараагаар бид очихдоо тэдэндээ тусгайлан
бэлтэгсэн өдрийн хоолыг хамтдаа идсэн. Олон хүүхэд шуугиж, инээд хөөр бялхсан,
халуун дулаан тийм уур амьсгал дотор тэдэнтэй зэрэгцэж сууж хоол идэх үнэхээр
сайхан мөч байсныг энд нуух юун. Хоол ч сайхан,хүүхдүүд болон багш ажилчидын
сэтгэл санаа өөдрөг, манай гишүүдийн сэтгэгдэл маш өндөр байсан юм.
Ингээд
бидний энэ өдрийн хөтөлбөр “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт өндөрлөж,
явахдаа тэнд хүмүүжиж буй хүүхдүүдийнхээ ирээдүйд бяцхан ч гэсэн хувь нэмэр
болог гэх үүднээс Hummer Club болон гишүүд хандив өргөж, аз жаргал ерөөж,
хүүхэд бүрт баярын бэлгээ гардуулаад өндөрллөө.
Дээр би
өгүүлсэнчилэн энэхүү үйл ажиллагааг Hummer Club жил болгон зохион байгуулдаг ч
жил бүр оролцогч гишүүд маань шинээр нэмэгдэж байдаг юм. Энэ жил албан ёсны
цуваанд бүртгүүлсэн машинуудаас гадна замд таарсан Hummer машинтай гишүүд маань
замаас нэгдэж бүхэл өдрийн хөтөлбөрт маань оролцож, хөтөлбөрийн төгсгөлд
“хүүхдээ баярлуулаад энэ өдрийг өнгөрүүлэхээс гадна та нартай ингэж нэгдэж, өөр
хүүхдүүдийг хамтад нь баярлуулж явах чинь ёстой сайхан юм байна” гэсэн өндөр сэтгэгдэлтэй
харьцгаалаа.
Ингээд 2013 оны
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан Hummer Club-н уламжлалт
арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. Бидэнтэй хамт энэ хөтөлбөрт оролцсон нийт
гишүүддээ, бидний ажлыг дэмжиж оролцсон нийт оролцогч нар, мөн замд зам тавьж
өгч, бидэнтэй халуун дулаанаар мэндчилж байсан замын цагдаа, жолооч нар, “Өнөр
бүл” хүүхдийн асрамжийн газрын хамт олондоо энэ нийтлэлийнхээ төгсгөлд
баярласан талархснаа илэрхийлэхийг хүсэж байна. Баярлалаа та бүхэндээ. Та
бүхний амьдрал, ажил үйлс үргэлж хүүхдийн цагаан инээд хөөр, баяр баясгалан шиг
цалгиж байхыг хүсэн ерөөе. Хүүхэд бүхэн жаргалтай байг.
Leave a Comment