Хувийн зохион байгуулалт

Миний өөрийн амьдралдаа үргэлж баримталж, хэрэгжүүлэхийг хичээдэг зүйл бол цагийн зохион байгуулалт, төлөвлөлгөө. Нэг үгээр бол хувийн зохион байгуулалт юм. Үүнд юу багтаж байна вэ гэж бодож магадгүй. Маш энгийн.
- Цаг барих
- Төлөвлөгөө гаргаж төлөвлөсөн хугацаандаа ажлаа амжуулах
- Эргэн тойрондох эд зүйлсийг эмх цэгцтэй, бүгдийг нь байх байх байранд нь байрлуулах
- Цэвэрхэн байх

Эдгээр нь надад ямар хэрэгтэй вэ гэж үү?
  • Цаг барих
Цаг барих талаар би өмнөх нэг нийтлэл дээрээ бухимдан дурдсан байдаг болохоор энд маш энгийн, товчхон бичихийг хичээе. ( эндээс уншиж болно )
Цагаа барьж сурвал дараагийн төлөвлөсөн ажлаа төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх боломжтой ба таны төлөвлөгөө өөрчлөгдөх магадлал багасаж, түүгээрээ үргэлжлүүлээд өөртөө болон өөр зүйлсийг амжуулах боломж нээгдэнэ. Тиймээс цагийг яс баримталж түүнийхээ дагуу явж сурах хэрэгтэй. Нөгөө талаар цаг барих гэдэг маш том соёл, өрөөлийг хүндлэх хүндлэл юм.
  • Төлөвлөгөө гаргаж сурах
Дээр байгаа зураг бол миний утасны календарь. Би ухаантай утас хэрэглэдэг ч бусдаас ялгаатай аль болох энэ утсыг бүрэн хүчин чадлаар нь ашиглахыг хүсдэг. Тиймдээ ч ухаалаг утасны надад өгч буй нэгэн зүйл бол календарь юм. Календариа харж байгаад аль болох төлөвлөсөн ажлаа давхацуулалгүй цагийг нь зөрүүлж тэмдэглэж, тухайн сард хийх зүйлсээ тэмдэглэж авдаг. Үүнд хугацаа товлосон бүх зүйлс багтана, ажил төрөл, жижүүрийн хуваарь, найз нөхдийн уулзалт гэх мэтчилэн.
Ингэснээр танд ажил давхацаж өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулахгүй тайван ажлаа амжуулах боломжийг нээж, хэн нэгэнд худлаа хэлэхгүй, төлөвлөсөн ажлаа мартахгүй байхад туслана. Мөн хэзээ хэзээ юу хийхээ төлөвлөсөн хүн өөртөө илүү итгэлтэйгээр бусадтай цаг товлодог болдог.
  • Эмх цэгц
Миний удаан ганцаараа байсных юм уу, эсвэл мэргэжилдээ суралцах гэж яваа, явсан цаг хугацаанд надад өгсөн хүмүүжил юм уу? үгүй бол бүр гэр бүлийн минь ч хүмүүжил юм уу эмх цэгц гэдэг зүйлийг нэлээн эрхэмлэхийг хичээдэг, тэр нь байхгүй болохоор бухимдаж уурлаж, тав тухгүй болдог тал бий. Тиймээс өрөөндөө бүх зүйлсийг болж өгвөл эмх цэгцтэй байлгаж, хэрэгтэй үед шууд гаргаад ирэхэд бэлэн байх байдлаар зохион байгуулдаг. Өөрийнхөө янзалж байрлуулсан зүйлийн байрлал солигдох, хэн нэгэн түүний байрлалыг нь солиход дургүй.
  • Цэвэрхэн байх
Юм хэдий хуучин байсан ч цэвэрхэн байх даа үнэ цэнээ алддаггүй. Аль багаас л гэрийнхэн минь цэвэрч байхыг заадаг байсан ч би зөрүүд болохоор би бохир хүүхэд байсан хэхэ.
Одоо харин гэр орноос авахуулаад бүх зүйлийг цэвэрхэн байлгахыг хичээдэг. Ингэснээр сэтгэл санаа ч тайван, эрүүл орчинд амьдрах боломж нээгдэнэ.

Ерөнхийдөө иймэрхүү хэдэн зарчимыг хэрэгжүүлэхийг хичээж, оролдож явдаг. Танд ч гэсэн хэрэг болох зүйл байвал эндээс санаа аван өөртөө хэрэгжүүлээрэй. Мэдээж маш энгийн, өдөр тутам л сонсдог зүйл мэт боловч яг үүнийг хэрэгжүүлээд анхаарал тавиад эхэлвэл таны 24 цаг багадаад байна гэдэг зовлон шаналал үгүй болох болно. Би үүнийг өөр дээрээ мэдэрсэн юм шүү.

Комментариев нет

Технологии Blogger.