ОХУ-д тэтгэлэгээр суралцах тухай


Өнөөдөр би ОХУ-д тэтгэлэг аван суралцах талаар бичихээр шийдлээ. Учир нь олон хүмүүс надаас энэ тухай асуудаг л даа. Аль болох боломжоороо хэлээд тус болохыг хичээдэг л юм. Гэхдээ энэ удаа би зөвхөн асуусан нь биш мөн сонирхсон хүн байгаад, миний энэ бичлэгийг олж уншвал хэрэг болох юм болов уу гэж бодон бичиж сууна.

Миний хувьд бол Укриан улсад сургуулиа төгсөөд өөрийн төлөвлөгөөний дагуу монголдоо очиж 8 н сар ажлаад тэр хугацаандаа дараагийн сургуулийнхаа асуудлыг шийдэн Оросод сурна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Төгсөөд Монголдоо очих үед мэдээж гэрийнхэн минь тийм дуртай байсангүй, үргэлжлүүлээд шууд сурахгүй дээ гэж байсан ч хүүхэд нь төгсөөд ирэхэд яаж эсэргүүцээд байхав хүлээж авч л таараа.
Ингээд Дорнодынхоо эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хот дахь Оросын боловсрол соёл шинжлэх ухааны төвийг ОХУ-д суралцах суралцагчидад тэтгэлэг өгдөг юм байна гэдгийг олж мэдэв. Ингээд шинэ оны өмнөхөн очиж уулзахад тэтгэлэг зарлагдах болоогүй, чи цагаан сарын дараа хүрээд ир гэлээ. Цагаан сарын дараа мөн очиход арай болоогүй, манай сайт дээр мэдээлэл тавигдана, манай сайтыг сайн шалга гэв. Ингээд сайтыг нь манаж эхэллээ. 3 сар гараад удаагүй байтал тэтгэлэгийн анхны мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.
Өөрийн материалуудаа аваад бүртгүүллээ. Бүртгүүлэхэд бас бус асуудал гарч ирлээ. Учир нь бүртгэлд хамрагдахын тулд тодорхой шалгууртай. Тэр нь мэдээж хамгийн түрүүнд дипломон дээрх дүн. Миний дүнгийн хуудсан дээр 7н ширхэг дунд байгаад байлаа. Тэд болохоор 3аас илүү байх ёсгүй гэсэн шаардлага тавина. Миний 7 чинь бас болоогүй ээ хүний толгой эргүүлмээр эргэлзээтэй эд байлаа. Тэд ч гайхав, би ч гайхав.  Украинд сурч байсан, укрианы дүнгийн систем нь оросоос болон монголоос өөр байсан учир ийм үл ойлгогдох зүйл болж би сургууль руугаа мэйл бичиж өөрийнхөө тухай тодорхойлолт гаргуулж аваад, мөн дүнгийн системын талаарх тодорхойлолтыг авч дахин очлоо. Энэ удаа харин тэд намайг Монголын боловсролын яам руу илгээсэн юм. Боловсролын яамны дүнгийн дүйцүүлэх албанд очиж сургуулийн тодорхойлолт, дүнгийн системын тайлбар, өөрийн диплом, дүнгийн хуудастайгаа очиж дүйцүүлэлт хийлгээд гарахад РЦНК-н тавих шаардлагыг давах чадалтай болоод ирлээ. Ингээд л тэнд бүртгүүлсэн юм даа.
Хэрэв та ОХУ-д тэтгэлэгтэй суралцах тухай бодож байгаа бол РЦНК-н сайтнаас мэдээллийг нь авч /mng.rs.gov.ru/ болно. Одооноос РЦНК аар эргэлдээд асуугаарай.
Тэтгэлэгт сургуулийн төлбөр, стипенд, байрны төлбөр багтана. Гэхдээ байр багтана гэдэг ч би бага хэмжээний байрны төлбөр давхар төлдөг.
Бүртгүүлсний дараагаар таны материалыг үзээд шалгаруулалт хийнэ. Эссе бичих хэрэгтэй болно. Эссег нь би уншихгүй байх гэж бодож байсан үгүй, харин ч их сайн уншиж танилцдаг юм байна лээ гэдгийг энд ирээд сүүлд нь мэдсэн. Тэгэхээр эссе гээ их анхааралтай сайн бичих хэрэгтэй юм байна лээ шүү. Эссе чинь их үүрэг гүйцэтгэнэ.
Оросын консулын газраар бичиг баримтаа мөн наториатаар батлуулна, энэ хугацаа шаарддаг учир юмаа эртхэн хийвэл дээр. Монголын нотариатаар ч мөн эхэндээ батлуулдаг л юм.
Дээр өгүүлсэнчилэн хэрэв таны өмнө сурч байсан газар чинь өөр дүнгийн системээр таны дүнд асуудал гарвал Боловсролын яаман дээр очиж монгол руу дүйцүүлүүлж болно шүү.
За ингээд л хүлээлт гэдэг горимонд шилжинэ дээ. Таны материалуудыг РЦНК аас Орос руу явуулж тэнд танилцаад таны мэйл хаягаар захиа явуулна. Тэнд таны сургуульд орох өргөдөлийн талаарх мэдээлэл байх бөгөөд процесс хэрхэн явж байгаа талаар сайт руу нь ороод өөрийн кодоороо мэдэх боломжтой. Материалтай танилцаж байна, сургууль сонгож байна, сургуулийг нь сонголоо гэх мэтчилэн мэдээллийг тухай тухай бүрт нь харуулсаар байх болно. Ингээд үүний дараа РЦНК -д өгсөн хоёр хувь материалынхаа нэг хувийг нь аваад суралцах сургуулийнхаа утасны дугаарыг нь мөн авч ОХУ-г зорино доо.

РЦНК-д өргөдөл өгч тэтгэлэгт хамрагдахын тулд хамгийн гол зүйл нь орос хэл юм шүү. Хэрэв орос хэлтэй л бол нийт шалгуурын талыг нь бараг давчихлаа л гэсэн үг.
РЦНК-н ажилчид нь ч өөрсдөө их сайн хүмүүс байдаг учир танд туслана. Хийх аргыг нь хэлж өгөөд таны төлөө сайн ажиллах болно. Надад тэдний ажлаа хийж байгаа нь их таалагдсан. Мөн элдэв бусын ар өврийн хаалга байхгүй шиг санагдсан. Хүмүүс бол намайг тэгээд ар өврийн хаалга хэрэглэсэн мэтээр ар өврөөр ярих зүйл байж л байсан. Гэхдээ надад тийм зүйл байгаагүй болохоор нэг их анзаарч ач холбогдол өгч байсангүй. Бүх л хүнд тэнд нээлттэй боломж байдаг гэдгийг тэд харин мэдээгүйд харамссандаа бүгдэд боломж нээлттэй байдаг, заавал юм бүхэн ар өврийн хаалгаар явдаггүй юмаа гэдгийг мэдүүлэх гэж энэ боломжийн талаар та бүхэнтэй хуваалцсан юм шүү.

Төгсгөлд нь хэлэхэд хүн бүхэн хүссэн зүйлээ сурч, хүссэн зүйлээ хийгээсэй гэж хүсч байна. Тэгэж байж л бид сайхан амьдрана шүү дээ. Асуух зүйл гарвал асуугаарай. Би зарим нэг зүйлийг орхигдуулсан байж магадгүй юм.


Комментариев нет

Технологии Blogger.