7 жилийн түүх амилсан аялал


12-р сарын 1. Шинэ сар, энэ оны сүүлчийн сар эхэлж байх агшинд эмнэлэгээ солих боллоо. Энэ завшааныг ашиглаад өөртөө цаг гаргахаар шийдэж 12-р сарын 2ны өдөр өөрийн сурч, амьдарч байсан Украина улс руу хүлгийн жолоо чиглүүлэн давхиж гарлаа.

Өглөөний 07:00 гэхэд явах машин дээрээ очиж яг цагтаа бид Украины нийслэл Киев хотруу хөдөлсөн юм. Өдөр алдад Орос Украины хилийн шугаман дээр очин паспорт, бичиг баримтаа шалгуулаад цаашаа гарлаа. Миний паспортын хуудас дуусаж байгаа ч хуучин Украинаар орж гарсан нэг хоёр тамга байсан нь Украинруу 3дагч орны этгээд нэвтрэхэд арай хялбар болж байгаа юм. Эс тэгвээс бас Украины хил дээр хэцүү зүйл цөөнгүй гардаг тал бий. Мөн Монгол улсаас Украин улсад суугаа консул Болдхуяггуайн илгээсэн урилга минь ч байсан болохоор асуудал нэг их үүссэнгүй.

Ингээд Украины хилийг давсаны дараа гэртээ ирж байгаа юм шиг тийм нэг дотно гэмээр мэдрэмж, дотор онгойж, яаран гарч гүймээр мэдрэмжүүд намайг тайван байлгасангүй. Удахгүй найзуудтайгаа, өөрийнхөө дасал болсон тэр газраа очино гэхээс л бүр их догдолж байлаа. Уг нь энэ газраас яваад би 2 жил гараны хугацаа л өнгөрч байгаа юм.

Киевт найзтайгаа уулзаж Киевийн гудамжаар 2 хонохдоо зугаалах явцдаа Украины үндэсний циркэд тоглож буй Монгол циркчидийнхээ тоглолтыг үзсэн нь бас мартагдашгүй дурсамжийг үлдээсэн. Монголдоо үздэггүй зүйлээ хүний нутагт үзнэ гэдэг нэг талын өөрийгөө зэмлэмээр ч юм шиг. Хамгийн сүүлд хэзээ цирк үзсэнээ ч би мартсан байлаа. Магадгүй багадаа л байх.
Манай циркчид ямар гайхамшигтай үзүүлбэрүүдтэй юм бэ. Тэнд цугласан олныг гайхширтал, бахархтал хийсэн эр зориг, хүч чадал, ур ухаан шаардсан үзүүлбэрүүд нь үнэхээрийн бишрүүлсэн. Бид ч тэднийгээ харан огшиж, би бүр барагтай л юм үзэж суухдаа орилж чарладаггүй хүн чинь голд нь орчихсон чанга чангаар орилж, алга ташиж, тэднийхээ өөдөөс даллаж байлаа. Тэдгээр циркчид маань ч мөн биднийг ирснийг хараад их баярлаж, догдолж байсан гэсэн.
Монгол циркийн хамтлаг Номуна







Киев хот бол Украин улсын нийслэл. Очсон цагаасаа л украин хэлийг сонсож, тэдэнтэй мартах шахсан хэлээрээ ярих гэж оролдох их хөгжилтэй, бас гоё байлаа. Украин хэлийг анх сонсоход нэг их тааламжтай биш мэт боловч яваандаа маш уянгалаг, их эвлэгхэн гоё сонсогддог хэл байдаг. Киев хот өмнө их л олны хөл бужигнасан газар шиг санагддаг байсан энэ удаа очиход ер нь хүний хөдөлгөөн багассан юм уу эсвэл Москвагаас очсон надад тэгэж санагдсан уу нэг л эл хуль мэт санагдсан. 

Замд таарч хэдэн үг солих боломжтой хүмүүсээс Украины амьдрал ямархуу байгаа талаар сонирхлоо. Тэд "хүнд байгаа, хэцүү байна, манай удирдагчид болохгүй байна, идэж ууж, хулгайлсаар байна " гэх мэт үгсүүд нь хэвэндээ л байлаа. Дээр нь газар нутгийн маргаан, элдэвийн зүйлс нь Украиныг улам хямрааж байгаа нь харагдаж байлаа. Гэхдээ л миний сэтгэлд энэ улс бол миний хоёрдох эх орон шиг минь. Хэзээ ч, хаана нь ч очсон сэтгэлд минь их дотно, хайртай улс минь болсон юм.

Дараагийн очих газар бол СУМЫ. Энэ хот бол за тэр чигээрээ миний 7н жилийн түүх.
Энэ хотод сурч амьдрахдаа өөрийн Чойбалсангаас дутахааргүйгээр хайрлаж, хайрлахаас гадна булан тохой бүр нь их бага хэмжээний түүхийг надад өгүүлдэг болсон газар юм. Хүн ам цөөтэй, эмх цэгцтэй,цомхон, цэвэрхэн хот байдаг. Очихыгоо хүмүүст хэлээгүй явсан ч яг гарахынхаа өмнө бүр нэг л дотор гижигдээд болж өгдөггүй найзууддаа, ангийнхандаа хэлээд амжилаа. Тэд маань ч намайг ирнэ гэж бодоогүй байсан хүмүүс дуу алдан миний мэдээг сонсоод хүлээж байгаагаа илэрхийлнэ. Би бүр очно гэхээс бүр байж сууж чадахгүй нүүрэнд минь өөрийн эрхгүй инээмсэглэл тодорч явлаа. 
Хэдий орой очсон ч миний Украинд ирсэн цагаас минь хойш надтай найзалж буй украин найз минь гэртээ урилаа. Уг нь бид нар ихэвчилэн гадуур уулздаг байсан ч энэ удаа гэрт нь уригдсан урилгаараа яваад очвол найз минь аль хэдийн 3 жилийн өмнө надтай танилцуулж байсан бүсгүйтэйгээ гэр бүл болж, бүр бяцхан охинтой болсон байлаа. Бидний яриа хуучны хөгжилтэй зүйлсүүд, одоо хэрхэн амьдарч байгаа, ирээдүйд хэрхэх талаар, мөн ижил  мэргэжилтэй хүмүүс мэргэжилийнхээ талаар ярилцаж цаг хэрхэн өнгөрснийг мэдэлгүй шөнөтэй золгосон байлаа.
Вася, түүний охин София бид гурав

Маргааш өдөр нь мөн бас дээрх найзтай минь ижил бас их дотны нэг найзтайгаа уулзаж, буу халж, элдэв дээдийн сонин сайхан, өнгөрсөн баларсан түүхсийг ухан төнхөн ярив. Найз минь эмэгтэй учраас ойлгомжтой биз дээ юу эсийг ярих нь. хэхэ. Надад анх хичээлийн минь хажуугаар ярианы орос хэлийг зааж өгч, олон зүйл дээр минь тусалдаг байсан найз минь байж билээ. 
Марта бид хоёр

Хамгийн дотны гэсэн хоёр найзыгаа харж уулзан, мөн бусад найзуудтайгаа уулзаад баярласан гэж жигтэйхэн. Яалт ч үгүй 7 жилийн түүх, дурсамж гэдэг бага биш юм билээ. 

Харин дараагийн уулзсан супер нөхдүүд бол 6жилийн турш өдөр бүр уулзаж, сайндаж муудаж, нэг нэгнээ аврах үедээ аварч, алах үедээ алж явсан ангийнхан минь билээ. Ангийнхнаас минь ердөө 3 нь энэ хотод байсан ба бусад нь бүгд өөр өөр улсад, бас хотуудад тархан, сурах нь сурч, ажиллах нь ажиллаж байлаа.
820 ая группа
Хэдийн сургуулиудаа төгсөж, өөр өөрсдийн чиглэл рүү ханцуй шамлан орсон нэг үеийн, нэг ангийн найзууд минь өөр өөрсдийн ажил, хичээл, хийж буй зүйл, оюутан цагийн дурсамжуудыг ярин суусаар 4н цагийг нэг л мэдэхэд өнгөрүүлсэн байлаа. Би тэднийг бас их санасан байсан шүү.

Ирсэн зочин буцдаг, орсон бороо арилдаг гэдэг шиг миний буцах цаг боллоо. Вася маань ажлаа тараад намайг гаргаж өгөхөөр ирлээ. Марта маань утсаар ярьж, давхар биетэй учраас гаргуулахыг би хүссэнгүй. 
Ямар гунигтай, эвгүй санагдсан гэж санана. Ингээд явна гэхээс нэг л бүр явмааргүй санагдаад л, үлдчихмээр ч юм шиг. Гэтэл Вася "чи үлдчихээ, ингээд л үлдчихгүй юу, аспирантураа энд ирээд хийчих" гэх мэт үгс нь хэдий "үгүй" шүү гэж санагдуулсан ч нээрээ буцаад ирдэг ч юм билүү гэсэн бодлууд байн байн орж ирж билээ.

Аялагчийн хувьд бол би маш бага зардлаар энэхүү аялалаа хийсэн. Явж ирээд зардалаа тооцоход миний зардал 200 доллар хүрээгүй байсан. 160 орчим долларт багтсан гэх юм уу даа. Мэдээж явсан газар бүртээ найзуудтайгаа байж, найзуудынхаараа байрлаж, хоол унд ч гэсэн харьцангуй өөрөөсөө мөнгө бага гаргасан болохоор ихэнх зардал нь замын зардал болон гадуур зугаалах гэх мэт зүйлсэд үрэгдсэн байсан.


Ай, миний хоёрдох эх орон минь болсон Украин улс минь, удахгүй эргэн уулзах болно оо, би ч чамайг их санах байхдаа...








Комментариев нет

Технологии Blogger.