Хэрэг болохоороо л холбоо барьдаг...


... гэж уурлаж, уцаарлах хүмүүс олон. Хэн нэгэн өөрийн ажлыг бүтээх гэж удаан холбоо бариагүй таныг гуйхад та ч магадгүй тэгэж уурладаг байж болох юм. Тэгвэл би танд битгий үүнд бухимдаж уурлаж, гоморхоорой гэж хэлмээр байна. Хайран мэдрэл байгаа даа. Би ч өмнө нь тэгэж гомдож уурладаг л байлаа.

Яагаад? гэж үү? Аливаа зүйлийг эерэгээр харж сурцгаая л даа.

- Өөрийгөө хэн нэгэнд, бүр сураггүй алга болсон нэгэнд санагдтал хэрэгтэй байгаа даа баярла. Таны хүч чадал, чадварыг тэр хүн мартаагүй байна. Таныг чадна гэдэгт тэр хүн итгэж байна шүү дээ. Үүнд чинь уурлаж гомдох хэрэг юу байна?

- Хүний амьдрал богинохон. Хэн нэгэнд таны тусламж хэрэг болвол баярлаж аваад л туслаад өгчих. Хамаагүй таныг туслуулчихаад мартаг. Ахиад алга болог. Гэхдээ л та хүний чадахгүй байгаа зүйлийг нь чадаж хийгээд өглөө. Тэр хүнд ахиж ингэж туслах боломж гарахгүй ч юм билүү? эсвэл та хэн нэгэнд туслах чадалгүй болчих ч юм билүү. Тэгэхээр хүнд туслах боломж гарвал баяртайгаар туслаад л явуулчих. Хариу нэхээд яахав дээ. 

- Чадалтай байгаа дээрээ хүнд тусал. Хэнд ч хэрэггүй болох үе хүнд ирэх л болно. Хүнд туслъя ч гэсэн чадал чинь хүрэхгүй дэмий л өөртөө гутарч, гомдож уурлах тэр цаг үе цагийн аясаар ирэх болно. Хүнд туслах тэр сайхан мэдрэмжийг мэдрэхгүй, өөртөө итгэлтэй болох тэр мэдрэмжийг авч амжилгүйгээр хэнд ч хэрэггүй болно гэдэг юутай харамсалтай билээ...

Хүнд туслах тус том жижиг байх албагүй. Тэр бүхэн араасаа үргэлж сайхан сэтгэгдэл, сайхан энергийг дагуулж байдаг. Таныг санан тусламж хүссэн нэгнээс гадна зүгээр л гудамжинд яваа хүнд бага ч болов туслаад хариу нэхэлгүй яваад өгөөрэй. Тэр хүний нүд, хэлж буй чин сэтгэлийн баярлалаа гэх үгийг нь сонсоод үзээрэй. Тэрүүхэн хооронд л та ямар ч сэтгэлийн гутралтай байсан сэтгэл чинь онгойгоод л ирнэ. Энэ бол миний хэрэглэдэг бас нэг арга. Сэтгэл тавгүй үедээ гудамжинд яваа хэн нэгэнд жижигхэн ч болтугай тус хүргэхэд миний сэтгэл гутрал арилах мэт болдог юм. Та туршаад үзээрэй. 

Ер нь тэгээд бодоод үз дээ, хэзээ хэрэгтэй болох бол гээд л таньж мэддэг хүн бүртэйгээ өдөр болгон холбоо бариад л, уулзаж учраад, бие биенийхээ хиймэл дагуул болоод байх чинь хайран цаг зав байгаа даа. Тэр болгон бүх хүнтэй холбоо барина гэвэл нэг өдөр битгий хэдэн өдөр ч хүрэлцэхгүй. Бүгдээрээ л тус тусдаа өөрт ноогдсон ажлаа хийгээд туслалцаа хэрэгтэй болсон үедээ хал палгүй найз нөхдөөсөө тусламж гуйх нь нэг их буруу биш гэж бодож байна :)) 


Хүнд тус хүргэх шиг сайхан зүйл байхгүй ээ. Бид чинь бүгд л бие биенээсээ хамааралтай, нэг нэгнээсээ тусламж эрж явдаг нийгмийн амьтад.

Комментариев нет

Технологии Blogger.