Эх орончид, бүлгэм гэнэ үү?

Өнөөдөр ФБ дээрээ санаандгүй байж байгаад нэгэн видео бичлэг үзлээ. Манай хэсэг залуучууд хар савхин хувцас өмсөж,хар болгой толгой дээрээ тавиад, бас хар амны хаалт зүүчихэж ээ... Өө харахад гадныхан битгий хэл хажуугаар нь өнгөрөх болвол би ч гэсэн айчихмаар л нөхдүүд байна. Тэдний сүр жавхлангаас бус эргүү юмнууд юу ч хийж магадгүй гэсэн үзлээр л цэрвэмээр санагдлаа.

Тэрхүү бичлэгэн дээр миний ойлгосноор нэгэн Вьетнам авто засварын газар л хийсэн юм шиг байгаа юм. Дээр дурьдсанчилан хэдэн залуучууд эхлээд нэлээн зодсон бололтой юм. Дараа нь цуглуулаад нэг буланд явган суулгаад бас том том дуугаар зандарч толгой түрүүрүү нь цохиод эхэллээ. Хэн монголоор ярьдагав гэж ирээд л... Хүнтэй хэл амаа ч ололцож чадахгүй, англиар ярьдгиймуу гэв үү яав директор гээд л аваа хаяна лээ. Эндээс тэдгээр залуусын боловсролын тухай дүгнэлт хийгээд орхив. Үнэхээр тэд нарт ойлгуулж хэл амаа ололцож,асуудлыг шийдэх гэж бодсон бол тэд ядаж нэг хэлмэрч авч очиж болно доо. Гэтэл үгүй ээ.Ороод л орилж чарлаад л, зодоод л, хогоо цэвэрлэ ч гэх шиг. Хувийн өмчид халдсан болж хувирчихлаа. Жишээ нь гэхэд би гэртээ заваан сууж байтал нэг нөхөр орж ирээд гэрээ цэвэрлэ гээд байвал би ёстой өөдөөс нь "за чи битгий гуцөө" л гэнэ.
Үргэлжлүүлэе.
Твиттерт энэ тухай сэдэв нээж үзлээ. Олон тооны хүмүүс энэ үйлдэлд эсэргүүцэнгүй байдалтай хандаж байгаа ч мэдээж олон дотор өөр бодолтой хүн байлгүй яахав. Тэднийг өмөөрсөн хандлагатай ч хариултууд ирлээ. Тэр нь тэдгээр гадаад иргэд монголчуудыг эх нутагтаа дээрэлхдэг, мөн Монголд их балиар суудаг, хуулийг гууль болгодог, албан тушаалтныг худалдаж авч хэргээс мултардаг гэх мэтчилэн хариултууд ирлээ. Эндээс харахад би ахиад л асуудал гадныханд биш бидэнд байна аа гэдэг зүйлийг хэлэх гэсэн юм.
          Тэд бохир суудаг гэлээ. Уучлаарай,монголчуудаа, бид нар өөрсдөө ямар амьдардаг билээ? Наад хотынхоо гудамжаар 5метр алхаад үзээрэй,булан тохой эргээд үзээрэй. Өөрсдөө заваарч хог хаядаг,булан тохойд бааж шээдэг. Тэгчээд гадныхныг цэвэрхэн суу гэж яаж хэлж чадаж байна аа. Би 6жил хүний газар амьдрахдаа Монголд ч энд ч хогоо гадаа хаядаггүй. Учир нь энд бол хог хаяхад ч өөрөөсөө санаа зовмоор, ил задгай хог байдаггүй. Харин Монголд ядаж би хогоо хаяхгүй байя даа,цэвэхрхэн байгаасай гэсэн үүднээс халаасаа хогны сав болгож ашигладаг.
          Монголчуудыг өөрсдийнхөө нутагт дээрэлхдэг гэж ирээд л маргаад эхэлсэн. Тэглээ гээд галыг галаар тургих хэрэг байдаг ч юм уу үгүй ч юмуу.Тэгээд ч тэр дээрэлхсэн нөхөр нь монголд ирээд дээрэлхүүлээд ч байгаа юмуу?Хүний өмнөөс ял үүрнэ гэж яавч байж болохгүй.
         Хуулийг гууль болгож албан тушаалтныг хахуулдаж хэргээс мултардаг гэлээ. За байзаарай,тэр хуулийг гууль болгоод байгаа хүн чинь энэ гадаадууд биш Монголчууд бид нар өөрсдөө юм биш үү? Юу хаа байсан гадныханд бурууг тохоод. Тэр хуулийг чинь хэн баталж, хэн хэрэгжүүлж, хэн нь хяналт тавьж байх ёстой юм? Монголын төр,нарийн ярьвал Монгол хүн би, та, бид нар. Бид өөрсдөө л үүнийгээ ийм болгочихоод дараа нь гадныхан руу бухаад байдаг эрүүл ухаан мөн үү?
   Ингээд эндээс харахад асуудал гадныханд бус бидэнд байгаад байна аа. Бид өөрсдөө тэднийг өөгшүүлээд байна. Тэднийг ингэж дарамтлаад бидэнд юу ч наалдахгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Харин ч дараа нь очиход олуулаа болцон барьж аваад зодоод алаад хаяахад ч бэлэн болно шүү. Асуудал улам л хурц болно. Тэр эх орон ч гээд байгаа нөхдүүд тэднийг өөгшүүлээд байгаа акулуудтай учраа ол, хэрэв тэгэж чадвал энэ асуудлуудыг шийдэхэд хялбар, хуулийн хүрээнд шийдэж болно.

Одоо харин энэ хэдэн залуусыг өмөөрөх гээд үзэе.
     Хэд хоногийн өмнө Монголын тухай кинонуудын тухай, түүх судрын тухай бодож байтал дандаа л байлдаан, алаан хядаан, байлдан дагуулалт, шилийн сайн эр гэх мэтчилэн зүйлсийг үзүүлж харуулдаг юм байна. Гадныхан ч ингэж биднийг хардаг... Хэдэн жилийн өмнө нэг Иран найз охин маань гэрийнхэнтэйгээ утсаар ярихдаа би Монголчуудтай танилцсан найзалж байгаа гэж хэлсэн чинь "хөөх чи минь болгоомжтой байгаарай, тэд нар ямар хүмүүс байна" гэж ирээд л асуусан гэж инээгээд байсан. Яг л үүнтэй ижил гадаад ертөнц биднийг ингэж харж байна. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр Монголчууд ганцхан байлдан эзэлж,устгаж,алж хядаж байгаагүй юм аа. Энэ гүрэн улсыг байгуулах явцдаа олон шинэ зүйлийг бүтээж, дэлхий нийтийг эв найртай, дайн байлдаангүй амьдар гэсэн зорилго ч байсан. Яагаад манайхан өөрсдөө ч гэсэн Их Монгол улс, Чингис хааныг тэр утгаар нь, тийм талаас нь харж бүтээл туурвиж чадахгүй байна? Одоогийн эдгээр залуусын Монгол цусны тухай үзэж харж хүмүүжиж ирсэн нөхцөл нь ердөө л энэ. Алж хядаж, эр бярыг үзүүлснээрээ Эх оронч болж эх орныхоо төлөө юм хийсэн болдог юм байна гэсэн ойлголтыг төрүүлж өгснөөрөө өнөөдөр ийм байдалд хүргэсэн ч байж болно. Гэтэл хэддүгээр зууны дайн байлдааныг харуулаад хэддүгээр зуунд, ямар нийгэмд амьдраад байгаагаа мэдэрч чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр энэ асуудалд хаана хаана аа бодож, одоо манай уран бүтээлчид ч мөн адил нийгмийн сэтгэхүйд өөр зүйл хийх цаг болж. Бид устгаж хэмхэлж явсан биш одоо бүтээлч ард түмэн байсан гэдэг ойлголтыг суулгаж өгвөл бидний хөгжил хурдас ч ирнэ. Олон хүн үүнд итгэж, хийж бүтээх эрмэлзэлтэй болно.

Төгсгөлийн үг.
Асуудлыг гол нь бидэнд өөрсдөд минь байна. Эдгээр залуусыг ч гэсэн үүнийг ойлгож хараасай гэж хүсэх байна. Хүчээр шийдэгддэг асуудал өнөөдөр их цөөхөн болсон. Хууль дүрэмтэй улс, гадныхныг эхэлж биш эхлээд өөрсдийгөө шийтгэе. Тэрнээс гадныхан өдөр болгон манай улсад ирсээр л байх болно. Бид хэдүүлээ билээ, юу хийж чаддаг билээ? Юу ч хийж чадахгүй цөөхөн хэдэн хүмүүс галыг ихээр асаавал хүний л хоол болно шүү....

Комментариев нет

Технологии Blogger.