HUMMER TROPHY 2012 аялал - 04

 
Өнөөдрөөс ахиухан зурагтай аялалын нийтлэлээ үргэлжлүүлэе гэж бодлоо. Дандаа уншаад байх жоохон тиймхэн байгаа байлгүй. Зураг бол гэрч гэдэг биз дээ. Тиймээс зурагнуудаар жоохон бөмбөгдөж өгнө өө. Та бүхэнд ч гэсэн миний бахдаж ядаад байгаа зүйлсийг өөрийн нүдээр үзэх нь илүү ойр тусаж, миний хэлж чадахгүй тэр бүхнийг өөртөө бас хэлэх байх гэж бодлоо. Ингээд аялалын тэмдэглэлдээ эргээд ороё.

Хөвсгөл Сант жуулчны бааз дээрээс өглөө эрт ачаа бараагаа баглаж, идэж уух зүйлсээ бэлтгээд ахин машинуудынхаа бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, зарим нэг ачаа бараагаа бааз дээр үлдээгээд хөдөлцгөөлөө. Хатгал сумаас гараад Хатан далай ээжийнхээ хөвөөгөөр хөлгийн жолоо татлаа. Сумаас гараад нэг хэсэг газар нь зассан зам байв. Тэрхүү замаар нэлээн яваад модон дотор ороод явчихлаа. Тэнд бас л зам байдаг юм байна лээ. Би ч ингээд л замгүй болж эхлэнэ гэтэл үгүй ээ. Ой модон дотор нэлээн явж явж зогсолт хийж болох газар зогсоцгоож зураг хөргөө даруулав.

 Энд бүгдээрээ түр зогсолт хийгээд байж байгаа байдал. Харамсалтай нь өнгөрсөн оны 7р сард хийсэн аялалын тэмдэглэл учраас одоо бичиж суухад зарим газар усны нэрийг тэрийн бүр сайн хэлж чадахгүй байна. Буруу нэр хэлж, бичиж хүмүүсийн дургүй хүргээд яахав гэж бодоод эргэлзээтэй нэрсүүдийг би дурсахгүй байгаа гэдгийг ойлгохыг хичээгээрэй.
Энд зогсохдоо бас хүмүүсийн жоорны юм хум гарч ирээд байсан...бүгд л сайхан булаацалдан хувааж идээд цаашаа хөдөллөө. Уг өдөр ер нь нартай, бас бүрхэг байх нь хосолсон өдөр байсан юм.
 Энэ мөчөөс эхлээд л бид Хатан далайнхаа эргээр, Хаан их сарьдагуудын нуруугаар өгсөж уруудаж эхэлж байгаа юм. Аялалынхны маань ч хоорондоо бүр дотно болцгоож зогсоо зайгүй богино долгионы станцаар нэг нэгнээ асууж, өнгөрсөн өдрүүдийн хөгжилтэй явдалуудыг ярилцаж, нэг нэгэндээ шинэ нэр томъёог аль хэдийн өгөөд эхэлцэн байлаа. Үүнд мэдээж алдарт АХА тэмцээн чухал үүрэг гүйцтгэсэн нь ойлгомжтой. Ингэж явтал эхний машин маань шаварт зоогдсон юм. Машин тэнд шаварт сууж байхад хүмүүсийн баярлаж байгааг... хэхэ. Нээх өөдгүй за эхний машин суулаа, одоо ч сайхан сайхан юм болно доо, танай машин яагаад суучив барив, барцадаа гаргалаа, шаварын нээлтийн ажиллагаа хийлээ гэхчилэн хөгжилдөж, нэг их удалгүй 7 номертой машин маань шавраас гарчихлаа.

 Энэ зураг бол анхны шаварт суусан машинаа гарахыг нь хараад зогсож байгаа байдал. Шавраас дөнгөж гараад хааз нэмвэл шууд доошоо огцом урууддаг эвгүй газар байсан тул хажуугаар нь бусад машинууд маань шууд дайраад гарчихалгүй хүлээж байлаа. Чадварлаж жолооч нар, сайн төмөр хөлгийн хүч чадал, хамт олны итгэл үнэмшилээр энэ бүхэн ерөөсөө л бидний аялалын чимэг байсан гэж хэлж болно. Үнэхээр энэ үед бид аль хэдийн нэг баг, хамт олон болж чадсан байлаа. Машин бүрийгээ бүртгэж, чи минь би минь хаана байна гэж хайгаад л, жоохон харагдахаа больчихвол яахчихваа гэж санаа тавьж асууна, хариулт нь бид нар нь яг ард нь явж байна аа гэхчилэн хөгжилтэй асуулт хариулт ч бусад машинуудын богино долгионоор дамжуулагдан бусдад сонсогдож явах нь зугаатай, бас хол замын их сайхан нөхөрлөлийн илрэл болж байлаа.

 Байгаль дэлхий минь ч бидэнд нар хураа харамгүй хайрлаад байлаа. Аялалд гарахын өмнө их бороо энэ хэсгээр орсон байсан тул зам их хальтаргаа гулгаатай, бас намаг шаврын төвшин нэмэгдсэн байлаа.
Энэ зурган дээр манай аялалын жагсаалын эхэнд явж буй хар өнгийн 1 дугаартай H1 зогсож байна. :)
 Хэлсэндээ өмнөх нийтлэл дээр миний хувьд хүйтэн байсан гэж. Зарим нэг нь бол тоосон шинжгүй л явж байхад зарим нь ингээд юм нөмрөөд л явж байлаа. Би бол хамгийн зузаан дээрээ тавьчаад л явж байсан.
ACDELCO гэж хэхэ. Манай машинууд маань аялалын хувцасаа энэ мэтээр өмсөж явсан. Хэвлэл,наалтан дээр биднийг 100 хувь PANDA хэвлэлийн студио дэмжиж ажилласан юм. Үг үсгийг ингээд л зүслэгтэй нь хэвлээд гаргаад ирдэг юм байна лээ. Өнгө үзэмжний хувьд ч их цэвэрхэн. Үсэг зүсдэг гэж ярьдаг билүү дээ. Хурдан ч юм байна лээ. Бидний захиалгыг авсан даруйдаа хэвлэлд эхийг нь өгөөд энэ олон машины наалтыг богино хугацаанд гаргаж өгсөнд нь их ажил хөнгөвчилж, ажилд маань их ачааг багасгаж өгсөндөө. Би хувьдаа PANDA-н хамт олонд их талархалтай байгаа. Энэ мэтчилэн бидэнтэй хамтарч ажилласан байгууллагууд бий, тэднийгээ явцын дунд ярьж өгнө өө. Магадгүй таны ажилд ч хэрэг болох юм билүү.

 Аялалын яриандаа эргээд ороё. Энд хэсэг залуус маань тойрог болон буу халж инээлдэж байх шиг байна. Аялалын нийт аялагчидын ихэнх нь эрэгтэйчүүд байсан юм. Учир нь аялал маань авто спорт экстрем гэдэг утгаараа тийм ч амар хялбар аялал биш байсан учир аялалд гарахаас өмнө аялалд оролцох оролцогч нартаа албан ёсоор цуглуулж техникийн хурал хийж танилцуулсан юм.
 2 номертой UBS-нхны хөлөглөж явсан улаан  H1 харагдаж байна. Ачаагаа янзалж байгаа бололтой. UBS телевиз-нхан маань жил бүр HUMMER TROPHY аялалтай хамтран ажиллаж, нэвтрүүлэг бэлдэж аялалын дараа үзэгчиддээ хүргэдэг билээ. Зарим нэг уншигч нар маань үзсэн л байх. Хамтран ажиллахад урам зориг, санаачлага, хүч, авъяас нь багтаж ядаж байдаг сайхан хамт олон учраас хамтран ажиллахад урамтай баг гэж боддог юм.
 Зургаа ихээр оруулаад ирсэн чинь миний бичих юмны хэмжээ нэмэгдээд эхэллээ. Зураг бүхэн өөрийн эзэнтэй, түүхтэй,дурсамжтай болохоор ингээд болдоггүй ээ :)
  Энэ харж байгаа хоёр сайхан залуу бол аялалын турш аялагчид байсан ч бас олон машинд тусалж, хэлтийх газар нь түшэж, ойх газар нь дарж өгч байсан хамгийн тусч гэгдэх 6номертой Н2-н аялагчид, бас авто инженерүүд байлаа. :)

 Түрүүнээс хойш яриад байсан анхны суугаад гардаг 7-н маань тэр цаана нь зогсож байгаа харагдана даа... :)
Мэдээлэлийн суратлчилгаа тал дээр KISS FM 100.1, AutoRadio 96.3 фм-үүд бидэнтэй мөн хамтран ажиллаж бидний ажлыг цаг минут алдалгүй аялалын өмнө сонсогч нартаа сурталчилан танилцуулж байлаа. Ингэснээрээ ч аялалын шугамаар хүмүүстэй уулзаж явахад аль хэдийн мэдээлэлтэй болсон, ярилцаж ажил тохироход ч хялбар болсон байлаа.
 Энэ хэсгийн шавар биднийг хэсэг зогсоогоод цааш хөдлүүллээ. Дараагийн очих газар маань олон эрхтэнд сайн гэгдэх нэгэн рашаантай сайхан газар байлаа. Элэг, цөс, нүд, толгой, нуруу,бөөр гэхчилэн 5 цул эрхтэнд тус тусад нь зориулагдсан эмчилгээний рашаан болоод мөн бусад эрхтэнүүдэд зориулагдсан рашаанууд байлаа. Эгээ л бүгдээс нь хэрэглэж Терминатор болчихоогүй :))) Би энэ рашаануудаас хойш өөрийгөө өвдөж зовох зүйлээс гэтэлгэж,гэгээрэлд их ойрхон болж ариуссан хүн гэж бодох болов. хэхэхэ. заза наргиа шүү.
 Ингээд л эхнээсээ амсаж, шавшиж, ууж, толгой түрүүндээ адис авч байгааг та бүхэн харж байна.
Ингэж явахдаа Монголчууд л байгалдаа ингэж их итгэж, хайрлаж, хүндэлж, дээдэлж явдаг болов уу гэсэн бодол төрсөн юм. Хэний ч хэлүүлэлгүй өөрсдөө очоод л уул овоогоо тойрч, өргөл барьцаа барьж, шүтэн биширч мөргөдөг ....
 Хаа явсан газраа яаж зүгээр явахав, эхний хүн нь ойчиж байгаа зураг байна. Насан багын анд нь ойчсон найзыгаа татаж босгож байна.
энэ хавийн газар нь хүн байнга ирж очоод байдаггүй болохоор зам харгуй нь чулуулаг, явахад эвгүй, бас их устай учраас хальтаргаа ихтэй юм билээ. Хэсэг машинтайгаа хальчирч очсон хүмүүс маань өөрсдөө хөлөөрөө энд хальтарцгааж эхлэв. :)))

 Уул уурхай их хөгжиж унаган догшин байгал маань их эвдэгдэж буй энэ цөвүүн үед энэ мэтчилэн байгал орчноо хамгаалах пайз яван газруудаар байрладаг юм билээ. Үнэхээр хайрлаж хамгаалж хойч үедээ бүрэн бүтнээрээ л үлдээн, дамжуулж өгөх ёстой, Монголын үзэсгэлэнд энд байдаг юм билээ. Өөр олон газраар ч байгаа байх. Очиж үзэж нүд тайлж, сэтгэл баясгасан та ч надтай санал нэг буй биз ээ...



Цэцэгс алаглаж, уулын голын шуугиан нүд, чих, сэтгэлийг баясгасан байгалаар аялалсан аялал минь үргэлжилсээр.


Ингээд энэ сайхан байгал эхийнхээ үрсдээ зориулсан рашаан булгаас буцах тийшээ хандаж байна. Аялал маань ч үүгээр цаашаа үргэлжилнэ. Энэ зурагт тэр цаана би л явж байгаа харагдана. Хоёр гартаа аягатай рашаан бариад хэн нэгэн хүнд л хүргэж өгөхөөр яваа бололтой.



 Хаанаас эхэлж байгаа нь үл мэдэгдэх уулын гол цааш хүчээ аван Хатан далай эхрүүгээ яаран яаран урсана.


 Рашаан булгаас өгсөөд дээшээ гарч ирэхэд рашаан булгийг манан дүнхийх овоо байлаа. Овоондоо мөргөж, баярласан талархаснаа бид илэрхийлж Монгол ёсныхоо дагуу гурвантаа тойрч хүндэтгэл үзүүлээд, цаашдын аялалынхаа замыг бартаа саад нь багатай байлгах болтугай гэж аян зам, аялагчидаа даатгаж өргөл барьцаа өргөөд цаашаа хөдөллөө.

Цуваа аялалдаа цаашаа хөдөллөө. Дараагийн замд таарсан нэгэн шавартай рашаан байлаа. Нутгийн байгал хамгаалах газрын дарга бидэнтэй хамт явахдаа мөн энэ мэт газруудыг тайлбарлаж өгч байсан нь сайхан байлаа. Эс бөгөөс бид тэрийн болгон таарсан газар, уул усныхаа түүх домог, албан ёсны нэр, өндөр, гүнийг тэрийн бүр мэдэж чадахгүй өнгөрөх харамсалтай зүйл болох байсан юм. Тэрхүү шаварыг авч нүүрэндээ түрхвэл өнгө зүс орж, арьс эрүүлжиж, зарим нэг хүмүүс нь цайрч, хөөрхөн болдог гэсэн сургаар манай хэсэг бүлэг хүмүүс авч жоорлож нүүрэндээ өнгөт арьстан болтолоо нялаад машинаа унаад давхиад өглөө. Их л өнгөлөг, царайлаг болсон байх. Би ч анзаарсангүй, одоо л энэ бүхнийг бодож бичиж суухдаа тэр үеийг бодож ажиглаж авдаг байж гэж толгойгоо шааж сууна. хэхэхэ. Хэрэв аялалд хамт явсан хүмүүс маань миний энэ нийтлэлийг уншвал 2 номер-н Ганаа ахыг ямар байсныг хэлээд өгөөрэй :)))

Цааш аялалаа үргэлжилүүлсээр модон дотор нэгэн тэгш тал дээр очиж Хатгал сумын Дархан цаазат газрын даргын бууж болно гэж зөвшөөрсөн газар уг өдрийнхөө аялалыг өндөрлөхөөр майхан саваа барьж оройны хээрийн хоол ундаа хийж идэцгээлээ. Хоол ундаа хийснийхээ дараа хөгжилтэй тоглоомоор үдшийг өнгөрүүллээ. Аялагчид маань хос хосоороо оролцсон уг тоглоом маань дороо хэдэнтээ хурдан эргэцгээгээд нэг нь тоолж дуусахад босож зургийг нь авах ёстой, харин нөгөө нэг хамтран оролцогч оролцогч нь мисс болж поза авч зургаа авахуулах ёстой. Энэ үед хөгжилтэй хөгжилтэй гоё зурагнууд гарсан боловч даанч надад тэд гээр нь алга. Ингээд хэн нь хамгийн сайн зураг авах ба хэн нь хамгийн шилдэг поза авч чадсанаар ялагч тодрох ёстой байлаа...

Чимээгүй одод түгсэн үдэш... Хөвсгөл далай минь давалгаална, ой модод салхинд хааяа нэгхэн найгаж хослон байгалийн нэгэн гайхамшигт хөгжим эгшиглүүлсээр биднийг бүүвэйлэн амраалаа....


аялал үргэлжилсээр.


Комментариев нет

Технологии Blogger.