Миний уншиж буй номнууд

Багадаа бол нэг их ном унших сонирхол байдаггүй байлаа. Бага ангид бол бүр ч байгаагүй гэж хэлж болно. Дуртай дургүй улирлын амралтаар аймгийнхаа төв номын санд очиж уншисан номныхоо тоог гүйцээх гэж, даалгавараа хийсэн болох гэж хүүхдийн уншлагын танхимд хэд хэдэн номыг эргүүлж, тэмдэглэл нэртэй дэвтэр дээрээ хэдэн мөр бичиг үйлддэг байсан санагдана.

Харин томрох тусам олны дунд орох бүртээ өөрийн уншисан үзсэн зүйлдээ анхаарах хэрэгтэй болсон нь магадгүй үнэнийг хэлэхэд намайг ном уншихад хүргэсэн байх. Мөн дээр нь ном уншихын сонирхол гээчийг төрүүлсэн юм болов уу. Дунд ангиасаа эхлэн алдаг оног ном шагайж, амралтаа өнгөрүүлдэг боллоо. Муугүй шүү. Ахлах ангидаа дэлхийн шилдэг 30 зохиолыг монгол хэл дээр олж аваад тагтан дээрээ зуны өдөр халууцан хэвтэхдээ шагайж уншиж билээ. Мэдээж бүгдийг нь уншаагүй лдээ. Харин одоо бол зав чөлөөтэй үедээ ном шагайх нь ер нь хэвийн үзэгдэл болж хувираад байгаа нь өөрийнхөө хувьд овоодоо гэж хэлмээр санагдах болсон юм. Ном уншина гэдэг чинь сайхан зүйл юм өө...

   Яг одоогийн байдлаар бол 3н ном зэрэг уншиж байна. Унших ч гэж дээ. Зузаан цаасан хэвлэл байдлаараа байдгаар нь ВИКТОР ГЮГО-н "ИНЭЭМТГИЙ ХҮН" нэртэй дундад зууны үеийн европын нийгмийг харуулсан номыг гэртээ эргүүлнэ. Харамсалтай нь маш бага хуудас эргүүлж байгаа.
   Харин амралтын өдрүүдээр гэртээ зав гарсан дээр гээр их цэвэрлэгээ хийе гэж боддог учир тэрхүү цэвэрлэгээгээ хийх үеэрээ Хятадын зохиолч Зян Рун-ы "ЧОНОН СҮЛД" нэртэй номыг сонсож байгаа. Зав чөлөө багатай хүмүүст зориулсан энэхүү аудио ном нь амар хэдий ч яг өөрөө барьж уншисанаас арай л бага зүйлийг үлдээх мэт санагдаад байгаа юм. Гэхдээ яахав. Хүссэн болохоор үүнийг би хийж л байна.
  Гутгаар ном маань бол "ЧИНГИС ХААНЫ НУУЦ ТҮҮХ" нэртэй ном бий. Эзэн хааны тухай олон мэдээлэл, ном товхимол байдаг ч энэ номыг уншиснаар бас өөр нэг өнцгөөс харах боломж нээгдэх юм болов уу гэж муйхарласнаараа хичээлээс хичээлийн хооронд автобусанд явах, хол замд явах үедээ утсан дээрээ уншиж байгаа юм.
Зэрэг хэд хэдэн номыг уншиж, сонсох нь нэг талаасаа жоохон сонин л санагдаж байж магадгүй. Гэлээ гэхдээ ингэх нь нэг их буруу зүйл биш юм байна гэж бодсон. Учир нь хэзээ хаана хэрхэн дууссан талаар аль аль номоо санаж байгаа нь ийн дүгнэхэд хүргэж байгаа юм. Ямартай ч эдгээр номнуудаа дуусгаад дараагийн олон олон сайхан номнуудыг уншина гэж төлөвлөөд компьютер дээрээ хадгалчихаад байгаа.
Дараа нь тэгэж байгаад та нартай сайхан хуваалцана аа тэр номнуудаа

Комментариев нет

Технологии Blogger.