Би сурахыг хүсэхгүй байна ...

Энэтхэгийн "Би сурахыг хүсэхгүй байна" нэртэй нэгэн киног дөнгөж сая үзэж дуусаад блогтоо энэ киноны тухай бичмээр санагдлаа. Уг кинонд энэтхэгийн нэгэн ядуувтар айлын өрх толгойлсон эцэг хоёр хүүхдийн хамт амьдран, эцэг нь хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хэрхэн санаа зовж, өдөр шөнөгүй ажиллаж, мөнгө олж, тэднийгээ өсгөн хүмүүжүүлэх талаар гарна.

Нэгэн өглөө ажилдаа гарахад байрных нь нэгэн танил түүнд хүүхэд нь сурлагаараа шалгалтанд тэнцэж чадвал бүх хангамжийг нь өгдөг гэсэн мэдээг сонссон дариудаа хүүгийнхээ сургуулийн захирал, багш хоёртой нь уулзан энэхүү шалгалтанд хүүгээ оруулахыг хүснэ. Гэвч түүний хүү сурлагандаа тийм сайн байсангүй. Сургуулийн захиргаа түүнд эргэлзэж байсан ч хүүгийн эцэг гуйсны эцэст түүнд боломж олгуулах болж санаагаа гүйцэлдүүлэв. Энэ өдрөөс эхлэн хүүгийн эцэг улам ихээр ажиллаж хүүгээ охинтойгоо хамт давтлаганд явуулж, тэрхүү шалгалтанд бэлдүүлэх боллоо. Харамсалтай нь хүүгийн хүсэл суралцах биш, харин өөр нэгэн спортын төрөл байлаа. Үүнийг нь эцэг нь эртнээс мэдэх ч энэ спорт бол баячуудын спорт, чи чадахгүй, тэрний оронд боловсролтой болж амьдар хэмээн үл ойшоож ирсэн нь эцэг хүү хоёрын хоорондын харилцааг эцэст нь хурцдуулав. Хүүгийн эцэг тэвчээр барагдан хүүгээ алгадахад хүү нь унахдаа орны өнцөг мөргөн унаснаар ухаан алдаж олон сар өдрөөр ухаангүй хэвтэх болжээ. Түүний эмчилгээнд мөнгө их үрэх болж, байраа хүртэл зарахад хүргэхэд түүний төрсөн хоёр дүү нь байр зарах сургаар ирж зарсан мөнгөнөөс нь хувь авах талаар хэлж түүнийг улам гацаанд оруулна. Харин түүний аль насандаа хийсэн буян гэлтэй эргэн тойронд байсан найз нөхөд нь үргэлж дэмжиж, мөнгө төгрөгөөр туслан дэмжиж, ядуу ч гэсэн байгаа бүхнээ түүнд өгч хүүгийн эмчилгээнд зориулахад нь нэмэр болгож байлаа. Түүгээр зогсохгүй удаан хугацааны их авлагатай байсан дэлгүүрийн эзэн хүртэл түүнд мөнгө өгч, байраа зарахыг нь хориглож, өөрөөсөө мөнгө гарган түүнд туслаж байсан нь сэтгэлийн тэнхээ, итгэл найдварыг тэр хүмүүс өгч байлаа.
Түүний хүү энгийн нэгэн байсангүй. Тэр бол суралцах биш харин спортод зориулагдсан хүүхэд байлаа. Харамсалтай нь түүний эцэг хүүгээ ухаангүй болж эмнэлэгийн орон дээр удаан хугацаагаар хэвтэх үед л ойлгосон нь оройтсон ч гэсэн хэзээ ч ойлгоогүйгээс л дээр хэмээн гэмээ ухаарахад хүргэж, түүгээр зогсохгүй улсын хэмжээнд энэ боловсролын системийн өөрчлөлтийн тухай ярихад хүргэжээ. Хүүгийн эцэг Ерөнхий сайдтайгаа уулзаж Хүүхдүүдийг жил болгон шинэ номоор бөмбөгдөж, тэр нь эцэг эхэд нь эдийн засгийн хувьд дарамт учруулахаас гадна хичээл болгоны хүнд зузаан номнуудыг бага наснаасаа үүрснээр нурууны нугаламд нь өөрчлөлт орж, хэнд ч хэрэггүй олон тоог цээжилж, өөрсдийн тархинд ахадсан ачааллыг өгч байгааг тэрээр улс даяар ярьж явлаа. Үнэхээр хүүхдийн сонирхол математик бол тэрийгээ үзэг, өөр бусдад нь шахалт үзүүлэн заавал сургах хэрэггүй, түүхэд дуртай бол түүхээ дуртай нь судлаг, сонирхолгүй хүүхдүүдэд тэр хэдэн зууны өмнөх хүмүүсийн төрсөн үхсэн хугацаа хэнд хэрэгтэйг ойлгуулахыг зорьсон нь үнэхээр биеллээ олж Ерөнхий сайд нь түүнийг дэмжиж энэ бүхнийг шийдэх боломжийг хайцгаая хэмээн түүнд боломж олгож, ойлгож эхлэнэ.
Хамгийн төгсгөлд нь хүү Америкаас ирсэн мэдрэлийн мэс заслын нэгэн эмчийн ачаар хагалгаанд орж, найзуудынх нь цуглуулан хандивласан мөнгөөр энэ хагалгааг хийлгэснээр ухаан орж алдартай тамирчин болж байгаагаар төгсөнө.

Энэ киноноос дүгнэлт гаргахад үнэхээр бидэнд манай улсад ч тэр энэ их олон мэдээлэл хэрэггүй гэж үзнэ. Ерөнхий боловсрол хэрэгтэй. Гэхдээ нарийн, нарийсгасан боловсролыг хүүхэд бүрийн хүсэл сонирхолд тулгуурлан анги бүрт хуваан явуулах нь дараагийн ирээдүйн дэвшил бидэнд үүснэ гэдэгтэй би санал нийлж байгаа юм. Үнэхээр дуучин болох хүнд хэдэн зууны тэртээх баатарын төрсөн он сар өдөр ямар хэрэгтэй гэж? Математикийн язгуур гаргах, синус, косинусын хүрд гэх мэтчилэн хүнд бодолтууд юунд хэрэгтэй гэж? Дуучин болох хүүхдэд түүний авъяасыг тодруулж, нот хэрхэн унших, хэрхэн хоолойгоо гамнаж яаж дуулах нь л чухал байлтай.
Хэрэв танд цаг олдвол энэ киног олж үзэхийг санал болгоё. Миний бичсэн зүйлээс илүү олон санааг таньд өгнө. Хүний сайхан сэтгэл, итгэл найдвар, хүүхдийн боловсрол, эцэг эхийн хүүхэдтэйгээ харьцах хандлага, хүүхдээ гэсэн эцэг эхийн сэтгэл гээд тоолж барашгүй сайхан зүйлсийг танд өгнө гэдэгт би итгэлтэй байна.

Энэтхэг нэрээрээ Shikshanachya Aaicha Gho гэж байгаа. Оросоор Я не хочу учиться

Комментариев нет

Технологии Blogger.