Сүүлийн үед сонсож байгаа дуунууд



Нэг дуунд дуртай болохоороо түүнийгээ хэдэн өдрөөр ч хамаагүй үргэлж сонсож чадах хүмүүсийн нэг бол би. Уйдталаа сонсоно. Хэсэгтээ уйдахгүй. Яагаад ч юм сонсохгүй л бол болохгүй байгаа мэт санагдаад өглөө босоод гэрээсээ гарахдаа нөгөө дуугаа сонсоод л гарна, замдаа сонсоно, ажил дээрээ сонсоно, харихдаа сонсоно, гэртээ ирээд сонсоно. Өөр хүн хажууд байвал галзуурч магадгүй. Эхнээсээ миний энэ зуршилд дасах нь дасаад оюутан байхад минь хамт амьдарч байсан украин найз минь миний сонсож байсан дууг дагаж дуулцан, цээжилээд аманд нь ая нь аялагддаг болцон байжийж билээ.

Сүүлийн үед би хэд хэдэн дуунуудыг утсан дээрээ хуулж аваад сонсоод явж байгаа.

Миний сонсох дуртай дуунууд янз бүрийн л дуунууд байдаг, энэ удаагийн сонсож байгаа дуунууд минь дандаа монгол дуунууд бий. Аялгуу, шүлэг, дуучны амилуулалт гээд өөлөх зүйлгүй бүтээлүүд.




Хөгжмийн зохиолч, дуучин, продюссер, домогт Харанга хамтлагийн ахлагч Чулуунбатын дуулсан ЭЭЖ киноны дуу сонсох дуртай дуунуудыг минь одоогоор тэргүүлж байна. Түүний авъяаслаг хөгжимчин гэхээс гадна сайхан аялуу, хөгжим зохиож дуу бүтээдэг нь, мөн дуулж байгаа дуу нь, дуулах чадвар зэрэг нь надад их таалагддаг ба дуулсан бүх дууг нь дуртай сонсдог гэж хэлж болно. ЭЭЖ киноны энэ дууны шүлэг нь ч мөн их гоё. Шүлгийг нь ч мөн өөрөө хамт зохиолцсон юм шиг байгаан. Үг бүрийг нь тогтож сонсоорой.

"... Хайраа хайрлаж эндлээ өрөвгөр муу хүү чинь
Хатуу үнэнийг сөрлөө ээжийн хайртай үр чинь
Хэлж боломгүй үгээр таныгаа би гомдоолоо
Хэлэе гэж хүү чинь хэлүүгүй юм шүү, ээжээ
Нүдэнд ойрхон нулимс шиг мэлмэрч яваа хүүгээ
Нүгэлд ойрхон жаргал шиг эмтэрч яваа хүүгээ
Гарт орсон өргөс шиг адлуулж яваа хүүгээ
Ганцхан удаа, ганцхан удаа уучлаарай ээжээ"


Гурван гайхамшигтай уран бүтээлчийн хамтарсан энэ бүтээл бол үнэхээр л бүтээлчидийнхээ бярыг дагуулах шиг. Анх сонсохдоо үг, хөгжим хоёр нь хоорондоо нэг л тохирч ядсан мэт санагддаг байвч хэдэнтэй сонсох, үгийг нь сонсох, дуучны амилуулсан тэр бүрийг сонсох бүрт өөрийн эрхгүй дурлаж эхэлсэн сэн. Хамгийн ихээр таалагдсан нь энэ дууны шүлэг. Маш энгийн үгээр шүлэглэсэн хэдий ч амьдрал үзэж, ханийгаа бахдан хайрлах хүний л зүрх сэтгэлээс гарч чадах тийм нэг нандин сэтгэл энэ дууны шүлгэнд нуугдаж буй мэт.

"... Хань минь чамдаа би ямар хайртай гэж сананаа
Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодноо
Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй

Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээ гуйя
Хорвоог дүүргэж дэргэж байгаарай"


Манай төрийн эрхэм хүний нэг болох Цэдэнбалгуайн дурсамжид зориулж бүтээсэн энэ дууг анх сонссон даруйд л чихэнд биш зүрхэнд минь сонсогдох шиг тийм нэг сэтгэгдэл төрж, энэ дууг сонсох, клипийг нь үзэх бүрт л эвий минь, энэ сайхан хүн амьдралынхаа сүүлчийн мөчид ямар их ганцаардал дунд амьдарсан бол доо гэж бодохоос л дотор харанхуйлах шиг болж билээ. Эх орныхоо төлөө амьдарсан түүнийг энэ цаг үед шүүх эрх байхгүй. Энэ хүн бол тухайн цаг үеийн нөхцөл байдалд хийх ёстой зүйлсийг хийж биднээс явсан бурууг нь шүүх биш харин нэрийг нь дурсаж, үйлсийг нь бахдаж явах ёстой төрийн эрхэм хүн мөнөөсөө мөн юм.

"Будант Москва хүйтэн байна
Буурал хархираагаа санаад л байна
Миний Монголын өвөл нь зун ч юм шиг
Харийн газрын зун нь өвөл ч юм шиг
Нутаггүй Монгол байхын тавиланг амслаа
Хадаггүй Оросын дунд өнчирч үлдлээ
Буруу яваагүйг минь хөх тэнгэр мэднэ
Бурхан та ч харалган юм даа"


Харангын Лхагвасүрэн гэхэд монголчууд тэр аяараа хүндэтгэн угтах гайхалтай дуучин. Түүний дуу хоолой, хүч чадлын талаар ярих илүүц биз. Ер нь түүний талаар элдэв чимэг гуншин хэрэггүй. Харангын Лхагвасүрэн гэхэд л хангалттай. Түүний нэр нь түүний хэв маяг, нэр төр болж чадсан давтагдашгүй дуучин бол мөнөөсөө мөн. "ҮЗЭСГЭЛЭНТ МИНЬ" гэх энэ дууг мөн л тэр амьлуулан, амьдруулж олон хосуудын сонсох дуртай дууны нэг болгосон. 
Энэ дуун дээр нэмж хэлэх өөр олон сайхан зүйлс байгаа ч клипны шийдлийн талаар дугарахгүй өнгөрч болохгүй юм. Бас их онцгой болсон клиптэй дуунуудыг нэг юм.

"Үнсэлцэж байгааг минь харах гээд уулс бөхийжээ
Үнэнч явахыг минь үзэх гээд ус мөрөн сөгдөжээ үзэсгэлэнт минь
Халуун шивнээг минь сонсох гээд салхи намдажээ
Хаан хайрыг минь гоёх гээд цэцэг дэлгэрчээ"


Дуучин Амина гэх энэ охиныг багаасаа дуулж байхыг нь мэдэх юм. Бага ч билүү дунд ч билүү ангид байхад Амина гэж дуулдаг охин гадаад руу тэмцээнд явах болсон, түүнийхээ зардалыг олохын тулд аялан тоглолт хийж байгаа гээд сургуулиар минь аваачиж үзүүлж байж билээ. хэхэ. Өнөөдөр харин түүний дуулсан дуунуудаас нэгэн дууг нь онцолж сонсдог болж. "Уруулаа бүү нуугаарай" гэж.

"Сэрүүн намар ирж цэцэгс гундан хагдарсан ч
Сэтгэлд чинь би зунаараа үлдээсэй
Алган дээр чинь тогтох эмзэг дэлбээ юм шүү би
Атгаж битгий сэвтээгээрэй хайрт минь..."



Өдөр шөнөгүй сонсож байгаа дуунуудаасаа та бүхэнтэй хуваалцахад ийм байна. Хөгжим аялгуу, шүлэг, дуучны амьлуулах чадвар, клип гээд нэг бүтээлэн ард маш олон хүний хөлс хүч, хөдөлмөр байдаг. Тэр бүх хүмүүст талархдагаа юун нуухав. Жаргалтай үед минь инээдэнд минь инээд нэмж баярлуулж, гуних үед минь хань болж явдаг дуу хөгжим чи мандтугай :)

Комментариев нет

Технологии Blogger.