Дурангийн мэс засал


Амалсан ёсоороо энэ удаагийн нийтлэлээс эхлүүлээд өөрийн мэргэжилтэй холбоотой мэдээллүүдийг та бүхэнд хүргэж байхаар болж байна. Танд асуух асуулт байвал, мөн мэдмээр байгаа асуултууд байвал сэтгэгдэл хэсэг дээр бичээд үлдээж байгаарай. Би чадах чинээгээрэй хариулж байх болно.

ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ гэж юу вэ?
Анагаах ухааны салбар өдөр ирэх тусам хурдацтай хөгжиж олон төрлийн өвчнүүдийг эмчилж, олон хүнийг өвчнөөс нь салгахад оюун ухаант хүний хүч чадлыг сорьсоор л байна. Үүн дотор Мэс заслын салбарт гарч буй дэвшилтэт технологиудын нэг бол Дурангийн аргаар мэс ажилбарыг явуулах юм. Энэ нь дэлхий дахинд бол харьцангуй шинэ салбар биш ч манай монголын хувьд бол шинээр амжилттай хөгжиж буй салбар юм. 

Үндсэн зарчим нь тухайн мэс ажилбар явуулах хэсэгт орон зайг хий болон шингэнээр үүсгэж жижиг хэмжээний дуранг тухайн хөндийдөө оруулж мэс ажилбарын багажнуудын тусламжтайгаар хагалгааг хийх юм. Жишээ нь хэвлийн хөндий дээр тайлбарлая. Хүйсний дээр 2-2,5 см хэмжээний зүслэг хийж хэвлийн хөндийг нүүрс төрөгчийн хийгээр хийлж дуранг оруулан хэвлийн хөндийг харж, тухайн хийгдэх ажилбарт шаардлагатай бусад ажлын багажнуудыг 0,5-1см -н зүслэг хийж мөн шаардлагатай газруудад байрлуулснаар мэс засал явагдах боломж нээгдэж байгаа юм.

ДАВУУ ТАЛ.
Дурангийн мэс заслын аргаар хүний биеийн аль ч хэсэгт хагалгаа хийх боломж өдөр бүр нээгдсээр байна. Энэ нь хагалгаа хийлгэж буй өвчтөндөө олон талын давуу талыг өгч байгаа юм.
- Хагалгааны дараах шархны хүндрэл багатай, зовиур багатай. Богино хугацаанд өвчтөн хөл дээрээ босож эмнэлэгээс гарч энгийн амьдралдаа орох боломжтой юм.
- Гоо сайхны тал дээр том шарх, сорви өвчтөний аль нэг хэсэгт үлдээхгүй
- Цус алдалт бага
- Бусад эд эрхтэнд учруулах гэмтэл багатай гэх мэт.

СӨРӨГ ТАЛ.
- Хагалгаа хийж байгаа эмчид нээлттэй хийснээс илүү хүндрэлтэй байдаг тал бий.
- Зөвхөн дурангийн хагалгаанд зориулсан багаж тоног төхөөрөмж хэрэглэх шаардлагатай. Энэ нь үнэ мөнгөний хувьд өртөг өндөртэй.
- Эмч гараараа шууд мэдэрч бус багажний тусламжтайгаар хүрч байгаа зүйлээ мэдрнэ.
- Дэлгэцэн дээр хагалгааны явц харагдах бөгөөд орон зайн баримжаа их шаардлагатай.

Монголд хэсэг хугацаанд ажиллах явцад минь өвчтөнүүд маань дурангийн мэс заслын талаарх ойлголт багатай, мэдэхгүй хүмүүс ч их байсан ба мөн дээр нь энд сурч ажиллах хугацаанд минь ямар ч хувь тавилангаар юм Москвагийн урдаа барьдаг хэвлийн хөндийн дурангийн мэс засалд илүү чиглэгдсэн эмнэлэгүүдийн нэг дээр байгаагийн хувьд дурангийн мэс заслын талаарх мэдээллээр эхэллээ. Мэдээж энэхүү сэдэвтэй холбоотой асуулт байвал бичиж үлдээгээрэй. Чадах чинээгээрэй хариултыг энгийн хүнд ойлгомжтойгоор ярьж, хэлж өгөхийг хичээх болно.


Комментариев нет

Технологии Blogger.