Хотын соёл гэчих үү?

УБ-ын гудамжаар зураг аваад алхаж байгаагүй бололтой
Ийм нэг сэдвийг хөндөхөөр шийдлээ. 
Сүүлийн хэдэн жилүүдэд хотынхон, хөдөөнийхөн, оркууд, өөр юу юу ч билээ, нэг ийм үг яриагаар талцаж, монгол хэлний үгийн санд хөдөөнийх гэдэг үг доромж хэлбэртэйгээр тайлбарлагдах хэмжээнд хүрч, орк гэдэг гадаад нэр үг хөдөөний хүнийг хэлнэ гэх хэмжээнд бидний хэрэглээнд орж ирээд байгаа юм. Хэзээнээсээ л бид талцах хоббитой хүмүүс. Даанч тэр нь өөр хоорондоо.

Би нэг их олон жил хүний нутгаар яваагүй, бас бусад шиг тийм олон газар орон үзээгүй ч, өөрийнхөө хэмжээнд явах хугацаандаа дандаа суурин иргэншилтэй оронд очиж, үзэж харж, амьдралынхаа тодорхой хугацааг тэдгээр хүмүүсийн хүрээлэлд өнгөрүүлэхдээ эх орны минь зүглэж буй зүгийн, очих гэж тэмүүлэх тэрхүү ирээдүйн хэм хэмжээ, шаардлагыг, бас бидний нэг нэгнээсээ эрэн хайж, доромжлон тохуурхан шаардаад байгаа тэрхүү соёлыг харж, өөртөө хэрэгжүүлж явна.

Бидэнд хотын соёл гэх ойлголтонд юу хэрэгтэй байгаа юм бэ? Энэ нь мэдээж монгол хүнд Улаанбаатарт дутагддаг уу гэвэл дутагддаг ч ганц хөдөөний хүн үүнийг нь хэрэгжүүлэхгүй байгаа юм биш л дээ. Учир нь бид чинь бүгд л хөдөөнийхөн. 

Ямар дүрмийг бид баримтлах хэрэгтэй юм бэ? Маш энгийн дүрмүүд. Үүнгүйгээс бид үргэлж цухалдаж бухимддаг. Би ч гэсэн Монголд очихоороо өөрийн эрхгүй намайг цухалдуулдаг хэдэн зүйлсийн талаар ярилцая.

Хотын соёл гээчийн үндсэн ухагдахуун бол нэг үгээр тайлбарлавал хүнд төвөг болохгүйгээр амьдрах гэсэн ойлголт байгаа юм минийхээр. Үүнийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан ойлгоё гэвэл та өрөөл бусдад, өрөөл бусдын хийж байгаа зүйлд өөрийн зүгээс садаа болохгүй, тэр хүнд юмаа тайван амар хийх, явахад нь саад учруулахгүй байх юм.

Дүрэм 1.
Олны дотор явахдаа үргэлж баруун гар талаа барьж явах. 
Гудамж талбай хэдий хоосон, хүнгүй байсан ч хэзээ ч хаанаас ч хэн нэгэн яаран сандран гарч ирэхэд та түүнийг саадгүй хажуугаараа өнгөрүүлэх. Найз, нөхөдтэйгөө олноороо явж байгаа тохиолдолд аль нэг талдаа заавал хүн зөрөх, эсвэл араас чинь яваа хүн гүйцэж түрүүлэхэд боломж олгосон байх хэрэгтэй.
Цахилгаан шатаар, болон явган шатаар явахдаа ч мөн дээрх дүрмийг баримтлах хэрэгтэй.

Дүрэм 2.
Гудамж талбайд ил задгай хог хаяхгүй байх. Нус, цэрээ ч мөн ижил.
Энэ нь хотын өнгө үзэмжинд гайхамшигтай сөргөөр нөлөөлдөг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хог хая гэж хогны савыг гудамжинд байрлуулсан байдгаас ил задгай хаяарай гэсэндээ гудамжинд хогны сав байрлуулдаггүй. Мөн нус цэрээ хаях үнэхээр шаардлагатай бол нусны алчуур, өөр юу ч байдгийн тэрэндээ чимээ багахан гаргаад хүний нүднээс далдхан гадагшлуулчихаж байвал бусдын дургүйлийг хүргэхгүй.

Дүрэм 3.
Хурдан хөдлөх.
Улаанбаатар хот өдөр ирэх тусам тэлж томорч буй хурдацтай хөгжиж буй хотуудын нэг. Нийт улсынх нь хүн амын талаас доошгүй хувь нь энд амьдарч байна. Энд мэдээж хурд хэрэгтэй. Дээр гарсан шиг олон нийтийн зам талбайгаар явган болон авто машинтай зорчихдоо аюулгүй байдлыг харгалзан хурдан хурдан явах хэрэгтэй. Ямар ч зорилгогүй лааз өшиглөн яваа мэт бусдын замд саад болон удаан явах нь олон хүний дургүйцлийг хүргэдэг. Хэрэв зорилгогүй гудамж талбай метрлэж яваа бол цэцэрлэгт хүрээлэнд очиж зугаал, эсвэл гэртээ сууж бай.

Дүрэм 4.
Дэс дарааллыг баримталж сурах хэрэгтэй.
Аливаа зүйлд дэс дарааллаар хандвал мөн бусдын дургүйцлийг хүргэж элдэв муу сайхнаараа хэлүүлээд байхгүй юм. Автобус, дэлгүүр хоршооны кассанд гээд олон хүн цугларсан газар хэрэгцээт үйлчилгээгээ авахын тулд бидэнд дарааллаараа үйлчлүүлэх хэрэг гардаг. Харин манай супер нөхдүүдийн тусламжтайгаар дээрх дараалалын хажуугаар сэргэлэн мэт зан гаргах нь олны бухимдалыг төрүүлдэг. (үүнд нөгөө түгжрэлтэй үед урсгал сөрдөг нөхдүүд бас хамаарна) Тэр бол танд л сэргэлэнтсэн азтай тохиолдол мэт харагдавч бусдад бол соёлын агуу их доголдолын илхэн жишээ юм. Тийм хүмүүсийг шууд буудчихмаар санагддаг надад бол.

Дүрэм 5.
Чанга ярих.
Ихэвчилэн найз нөхдүүдтэйгээ олуулаа яваа үедээ бид чанга ярьдаг. Энэ нь мөн л бусдын тав тухыг алдагдуулдаг учир заавал бие биенийхээ дууг давах гэж чанга яриад байх хэрэггүй юм. 

Дүрэм 6. 
Баярлалаа, уучлаарай.
Бусадтай эелдэг харьцаж, бие биендээ тусалж яваарай. Энд заавал нийгмийн шаардлагын соёл гэхээс илүү хувь хүний өөрийн хувийн хүмүүжил, хувийн соёлын илрэл юм. "Баярлалаа" гэх үгийг чин сэтгэлээсээ талархан хэлвэл уг үгийг сонссон хүний сэтгэл тэр цагаас хойш маш сайхан гийх болно. Хэрэв та буруу зүйл хийсэн бол "Уучлаарай" г заавал хэлж байгаарай. Энэ нь таны тэрхүү үйлдэл нөгөө хүний чинь сэтгэлд гомдол болон үлдээхгүй байх хэлбэр юм. Танаас энэ үгнүүдийг хэлснээр юу ч унахгүй. Харин ч таныг илүү өөртөө итгэлтэй байхад тусална.

Дүрэм 7.
Хувцаслалт.
Хувцаслалт бол мэдээж чухалд хамаарагдах зүйл юм. Тэр тусмаа манай монголын нөхцөлд хувцаслалтанд их анхаардаг. Гол нь өөртөө тохирсон өнгөлөг, цэвэрхэн хувцасласан байх нь л чухал болохоос энд тэндэхийн болсон болоогүй бренд, трендүүдийг хэрэглэссэн нь тийм чухал биш. Тэгээд ч түүнийг нь мэдэх хүн надаас өгсүүлээд хаа газар цөөхөн. Гол нь цэвэрхэн, өнгөлөг байх нь л чухал.

Дүрэм 8.
Явах чиглэлээ л сонго.
Өндөр барилгуудад ороод цахилгаан шатаар явах шаардлага гардаг. Манайхан харин цахилгаан шатыг дуудахдаа хоёр товчлуурыг хоёуланг нь дарчихдаг. Хэрэв та дээшээ явах гэж байгаа бол дээшээ явах товчийг, доошоо буух бол доошоо заасан товчийг нь л дараарай даа. Явж ядаж байгаа цахилгаан шатыг давхар болгон дээр зогсоогоод байдаг ид шидтэнгүүд их шүү :)


Өөр нэмэх зүйл байвал нэмээд байгаарай. Би санаанд орсон хэдийгээ л биччихлээ. Гараад явахаар өөр өөр бусад зүйлүүд нэмэгдэж орж ирээд байдаг юм. Та нар дутууг нь нөхчих.
Хэдүүлээ хамтдаа тайван амгалан, бие биедээ хүндэтгэлтэй сайхан амьдарцгаая. Учир нь бид чинь та нарын хэлж, цээжээ дэлдэх дуртай Монголчууд шүү дээ. Нэгэн ах дүүс нар болохоос энд тэндээс цугласан дайснууд биш.


Комментариев нет

Технологии Blogger.